Нийгмийн даатгалын багц хуулийг нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяраас дээрх хуулийн хэрэгжилтийг нийгмийн зарим бүлэгт хэрхэн хангуулах талаар тодрууллаа.
-Манай улсын хөдөлмөрийн насны иргэдийн хэчнээн хувь нь ажил хийж байна вэ?
-Нийгмийн даатгалаа төлдөг нь ажил хөдөлмөрийн насны хүмүүсийн 80 -аад хувьд хүрнэ. Харин 25 хувь нь нийгмийн даатгалаа төлж чадахгүй байна. Нийгмийн даатгалыг иргэд албан журмаар болон сайн дурын гэсэн хоёр нөхцөлөөр төлдөг. Нийгмийн даатгалаа төлж чадахгүй байгаа бүлэгт сайн дурынхан ордог. Ялангуяа байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ хардаг ээж, аав болон малчид нийгмийн даатгалаа төлдөггүй. Манай улс хөдөлмөрийн насны нийт 280 мянга гаруй малчинтай. Тэдний 25 хувь нь сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс нийгмийн даатгалаа төлдөггүй.
- Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхгүй, төлөхгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Мэдээж сөрөг нөлөө маш их. Ирээдүйд эдгээр хүмүүс тэтгэвэр авч чадахгүй. Тиймээс бид хуулийн төсөлд тэдэн рүү чиглэсэн тодорхой хөнгөлөлтийн заалтууд оруулж батлуулж чадсан. Энэ нь байнгын асаргаатай хүүхэдтэй ээж, аавын аль нэгнийх нь НДШ-ийг төрөөс 100 хувь даах зохицуулалт юм. Мөн малчид онцлогтой. Монгол бол мал аж ахуйн орон. Тиймээс бид малчны НДШ-ийн 50 хувийг төрөөс даах тогтолцоонд шилжсэн. Үлдсэн 50 хувийг малчин өөрөө хариуцаж төлнө. Гэхдээ шууд төрөөс хариуцаад явахгүй. Тухайн малчин Нийгмийн даатгалын хэлтэст очиж гэрээ байгуулаад өөрөө эхэлж 50 хувиа төлсөн бол үлдсэнийг нь төр даах юм.
-Малчны НДШ-ийг хэдий болтол төрөөс даах вэ. Зарим улс төрийн нам, иргэд үүнийг эсэргүүцэж байсан?
-Малчны НДШ-ийг төр төлөх үйл явц таван жил үргэлжилнэ. Бусад улс оронд ч ийм бүлгээ дэмждэг хуулийн зохицуулалт бий. Өнөөдөр малчнаар нийгмийн даатгалыг нь төлүүлэх ямар нэг хөшүүргэ хийхгүй бол ирээдүйд бүгд халамж харсан хүмүүс болно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр НДШ-ээ төлөгчид буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 хувь халамж олгох нөхцөл үүсэх гээд байна. Цаашдаа маш их мөнгөн халамж олгохоос урьдчилан сэргийлж байна. Мөн ирээдүйд малчдын нийгмийн баталгааг хангаж байгаа хэрэг.