Цусаа бэлэглэх үндэсний өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүндэт доноруудаа өчигдөр шагналаа. Мөн цус цуглуулах хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон МҮИС, “Этүгэн”, ХААИС, “Ач” анагаах ухааны их сургуулийнханд талархлын бичиг гардуулав. Уг арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн онд цус цуглуулах үйл ажиллагааг 150 удаа зохион байгуулжээ. Үүнд идэвхтэй оролцсон Б.Уранзул тус нийгэмлэгийн “Энэрэл” алтан медалийг хүртсэн юм. “Нигүүсэл” алтан медалиар Э.Бат-Өлзий шагнууллаа. Дээрх төвийн “Хүндэт донор” тэмдгийг өчигдөр 24 иргэнд хүртээлээ. Цус цуглуулах үйлсэд идэвхтэй оролцсон Д.Жавзмааг “Алдрын хүндэт” тэмдгээр шагнав. Ташрамд дурдахад, “Хүндэт донор” тэмдгийг 1962 оноос хойш 1789 иргэн авчээ.