-Эхнэрээ эмчлүүлэх нэрээр хилээр гарсан С.Энхболд хэзээ ирэх вэ-
Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай компьютерын программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аксиссистемс” ХХК голлон оролцсон байдаг. Тус компанийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүхийг холбогдуулан шалгаж буй бөгөөд хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин нөгөө эцсийн өмчлөгч Я.Энхчулууны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, хилээр гарч явсан нэгэн. Тус ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнд холбогдох эл хэрэг одоо болтол шийдэгдээгүй билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө Ц.Эрдэмбилэгийг батлан даалтад гаргаж, Б.Эсболдыг нь үргэлжлүүлэн цагдан хорьж шалгаж буй аж. Харин эл хэрэгт холбогдуулж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг шалгаж эхлэхтэй зэрэгцээд эхнэрээ гадаадад эмчилгээ, үйлчилгээнд хамруулах нэрээр хилээр гарч явжээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан, эдүгээ дэд сайдын албан тушаал хашиж буй тэрбээр эх орныхоо эрүүл мэндийн байгууллагад итгэхгүй, эмч эхнэрээ гадаадынханд даатгахаар дагаж явна гэдэг нэг л эргэлзээтэй. Магадгүй эрүүгийн хэрэгт шалгуулах болохоороо зугтаж, “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлах хүмүүсийн нэг болчих юм биш биз.