Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томилсон байна.
Тодруулбал, Соёлын дэд сайдаар “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилсон байна. Харин Соёлын дэд сайдын алба хашиж байсан М.Батбаярыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байсан ч 2023 оны сүүлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон Б.Уянга нь тус яамны Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан.