Увс аймгийн “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн спорт заал нурсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархав. Хамгийн гол нь уг заалыг ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй байж. Тиймээс хүүхдүүд суралцаж, хөгжих байгууламжийг маш чанаргүй, нэг жилийн ч насгүй барилаа гэж олон хүн шүүмжилсэн юм.
“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв.