Шинэ оны босгон дээр өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөдөг. Энэ ёсоор хоёр он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Ерөнхий сайд өмнөх ажлаа дүгнэж, ирж буй оны өнгийг тодорхойлжээ. Өнгөрсөн оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, тогтолцооны олон реформ хийснийг бид мэднэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентад 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгохоор бэлтгэж байна. “5Ш” ажиллагаа явуулж, Хөгжлийн банк, “нүүрсний хулгай”-н буруутнуудыг илчилж, нийгмийг цочроосон, бухимдуулсан, гэмтэй хүмүүст зохих ялыг оноож эхэлсэн зэргээр олон үйл явдал өрнөсөн. Тиймээс Ерөнхий сайд авлигын эсрэг тэмцэлдээ тун сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр “Шилжилтийн хэмээн нэрлэсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байна” гэсэн нь анхаарал татав. Өмнөх 30 жилд ужгирч бэхэжсэн авлигын тогтолцоог нурааж, хаалгыг нь хаасан хэмээн тэрбээр ийнхүү итгэлтэй зарлах нь тэр. Улмаар тоо баримтаар энэ мэдэгдлээ баталгаажуулсан байна.
Эрх мэдлээ ашиглан Хөгжлийн банкнаас зээл аваад “мартчихсан” албан тушаалтнуудыг илчилж, эргэн төлүүлж эхэлснээр 5-6 бондын өрөнд 13.3 их наяд төгрөг төлсөн гэв. Оюутолгойн ордод Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж эхэлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор ил тод, хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулан анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр олон жил ярьсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэлийг тавьсныг Ерөнхий сайд онцолсон. Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Эдгээр тоо баримт нь авлигатай тэмцсэний эерэг үр дүн болж буй аж. Тэрбээр “Ужгирсан асуудлуудыг бүрэн цэгцлэхэд хугацаа хэрэгтэй ч улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн туяа тусаж, ардчиллын хоёр дахь давлагаа болсон шинэ 30 жил эхэлж байна” гэжээ. Авлигатай тэмцэх нь Засгийн газрын хийх ёстой ажил. Албан тушаалтнууд эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан төсвийн, тодруулбал, та, бидний татварын мөнгийг хэрхэн “иддэг” нь өнгөрсөн өдрүүдэд ил болсон. Тэгэхээр энэ бүх ажлын үр дүнд авлигын тогтолцоог “ганхааж” чаджээ. Харин хаасан уу гэдэгт Ерөнхий сайд шиг итгэлтэй хариулах амаргүй. Цаг хугацаа харуулна. Одоо буруутнуудад нам үл харгалзан хатуу хариуцлага хүлээлгэх, дараагийн “залгамжлагч”-ийг төрүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх нь чухал. Олон нийт үүнийг анхааралтай ажиглаж байгаа.
Мөн Засгийн газрын өнгөрсөн онд анхаарал хандуулсан нэг чухал салбар нь аялал жуулчлал. Үүний хүрээнд манай улс агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлжээ. Он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-нд “GoMongolia” үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ талаар Ерөнхий сайд “Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, олон улсын судалгаагаар аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна. Ирэх жил “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа дөрвөн улирлын болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эергээр дэлхий дахинд сурталчлан таниулцгаая” гэсэн юм. Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, always moving” брэндийг энэ онд дэлхий дахинаа зарлаж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болгохоор зорьж буй аж.
Ирэх онд үүнээс гадна хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, нийслэлд метроны төслийг эхлүүлэн, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг хийж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгох төлөвлөгөөгөө тэрбээр танилцуулна лээ. Ужгирсан асуудлуудыг цэгцлэхэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн шиг буруу булхайн харанхуй тогтолцоонд нарны туяа тусгасан, мөн “хонгил”-ыг бүрмөсөн хааж, гэрэл гэгээтэй дараагийн 30 жилийг эхлүүлэх хугацаа ойрхон гэж найдна.