2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл хийлээ. Тэрбээр "2023 оны эхний гурван улирлын дараах байдлаар манай улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан. Валютын нөөц 4.6 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш тогтворжсон. Өнөөдрийн байдлаар инфляц 8.6 хувьтай байна. Монголбанк мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд инфляц нэг оронтой тоонд орж ирсэн. Мах махан бүтээгдэхүүн улирлын шинж чанартайгаар нийлүүлэлт нь сайн байдаг учраас үнэ нь буурсан. Мөнгөний хатуу бодлогын нэг сөрөг үр дагавар нь бизнесийн салбарын зээл гаралт бага гэсэн гомдол гарсан. Мөнгөний хатуу бодлого цааш хадгалах шаардлагатай. Зургаа дээр хасах нэмэх хоёр нөхцөлийн зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлого зөөлөрнө. Энэ хугацаанд бизнесийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Үүнд Монголбанкнаас хэрэглээний өсөлтийг хэт хурдцыг хязгаарлах, бизнесийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор ажиллана. Энэ жил нийт нутгаар зудын эрсдэлтэй байгаа учраас энэ хаврын улиралд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс хамаарч үнэ нь нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс мах бэлтгэгч болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Хүнс үйлдвэрлэгчдийг дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хэмжээтэй хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн 5.5 хувийг уул уурхайн тээврийн салбар бүрдүүлж байна. Тиймээс энэ салбарын нийлүүлэлт, тээвэрлэлтийг доголдуулахгүй ажиллахад гол бодлого баримтална. Үүний гол нөхцөл байдал нь дизель түлш юм. Дизелийн түлшний нийлүүлэлт, эрэлтийн доголдол үүсээд байна. Нүүрс экспортлогчид маань шатахуунаар тасарч болохгүй. ОХУ-аас импортолж буй шатахууны хэмжээ хэвийн байгаа" гэлээ.