Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн салбартаа хэрэгжүүлэх багц хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорац байгуулахаар шийдвэрлэлээ. Монголбанкнаас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ирсэн бол 2024 ондоо багтаад шинээр байгуулсан корпорац шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Ингэхдээ зорилтот бүлгүүд рүү чиглэсэн багц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Орлого багатай иргэд байртай болох нөхцөлийг бүрдүүлнэ. Сарын орлого нь 2 сая төгрөгөөс доош иргэд ипотекийн зээлд хамрагддаггүй юм байна. Гэтэл нийслэлийн иргэдийн 19 мянга орчим нь 500 мянган төгрөг ч хүрдэггүй орлоготой айлууд бий. Тиймээс эдгээр айл, өрхийг хамруулах арга хэмжээ авъя гэж төлөвлөж байна. Тодруулбал, зорилтот бүлэг, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг орлого багатай иргэдийг хамруулах асуудал бий. Түрээсийн орон сууц хэлбэрээр ч юм уу байртай болгоно. Бусад арилжааны орон сууцны хөтөлбөр тусдаа зах зээлийн тогтолцоогоор санхүүжилтийн асуудлаа шийдээд явна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлд 7.2 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан. Жилд 600-700 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ процесс цаашид үргэлжилнэ. Эдийн засгийн чадамжтай уялдуулж, нэмэлт хөтөлбөрүүдийг санаачилна. Мөн эмзэг бүлгийнхэнд зориулсан санхүүжилтийг өөр байдлаар гаргахаар ярьж байна” гэлээ.