Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53 000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд 60 000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Арванхоёрдугаар сард нийт 71 000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52 000 тонн АИ92 орж ирсэн байна. 52,000 тонн АИ92 манай улсад хэдийн орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд буусан тоо. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж явна. Манай дундаж хэрэглээнээс 10 000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ. АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй. Евро-5 стандартын 92 бензинийг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй" гэлээ.