Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өглөө. Эмнэлгүүдийн амбулаторийн нийт үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж. ХӨСҮТ-өөс өвчний үүсгэгчийг тогтоохоор 256 сорьцод шинжилгээ хийхэд томуу төст өвчин 16.7, томуу 15.1, коронавирус 5.2, үлдсэн хувийг амьсгалын замын бусад халдвар эзэлсэн гэлээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Үүнээс 51.6 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд гэнэ. Амьсгалын замын халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, гэртээ тогтмол агаар сэлгэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих шаардлагатайг ЭМЯ-наас зөвлөв. Ялангуяа “Ковид-19” өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчдийн 31.2 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай аж. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хоолны хордлогоор 8317 хүн өвчилжээ. Уг үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1211-ээр өссөн гэнэ. Шинэ жилийн үеийн амралтын өдрүүдээр өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00, дүүргийн гэмтэл, мэс засал, шүдний тасаг 10.00-15.00 цагт ажиллах аж. Харин яаралтай түргэн тусламжийн эмч нар 24 цагаар иргэдэд үйлчлэх нь.