Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд баригдсан Даланзадгад-Гурвантэс чиглэлийн 30 км замыг Улсын комиссын шийдвэрээр байнгын ашиглалтад хүлээн авч, өнөөдөр тус замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
Аймгийн төвөөс хамгийн алслагдмал оршдог баруун гурван сумын иргэд Даланзадгад чиглэлд 186 км хатуу хучилттай авто замаар ая тухтай зорчих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, нутгийн иргэдийн ажлын байр нэмэгдэх, брэнд бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг олон боломж давхар нэмэгдэж байна.
Сонирхуулахад тус замыг 3 компаний 200 орчим механизмын оператор, жолооч, туслах ажилтан 6 сарын хугацаанд бүтээн байгуулсан бөгөөд 30 км урттай, 8 м өргөн, хөвөөний өргөн 2х2м , хучилтын зузаан цементээр бэхжүүлсэн бетон суурь 25 см, харлуулсан дайрган суурь 8 см, өнгө асфальт бетон 5 см, босоо тэмдэг 36 ширхэг, км-ын тэмдэг 30 ширхэг, ус дамжуулах хоолой 61 ширхэг, ус давуулах далан 6 ширхэг, хүн мал амьтны гарц 14 ширхэг гээд маш том бүтээн байгуулалт юм.