Замын түгжрэлээ зохицуулж чадахгүй болонгуут сургуулиудаа хаахаар шийдчихдэг эрх баригчидтай улс Монголоос өөр байхгүй биз ээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт цахимаар хичээллэсэн нэр зүүж, үндсэндээ амарлаа. Өнөөдрөөс дээд ангийнхан нь цахим хичээлд нэгдэнэ. Тэд энэ долоо хоногийн дөрвөн өдөр цахимаар хичээллээд, амрах юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гэнэтийн бөгөөд хачирхалтай тушаал хэрэгжиж буй нь энэ. Тодруулбал, тэрбээр Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай А/554 дүгээр тушаалыг энэ сарын 17-ны ням гарагт гаргаад, маргаашаас нь хүүхдүүдийг цахимаар хичээллүүлсэн. Харамсалтай нь, сайдын шийдвэрт хэн ч бэлэн байгаагүйг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд харууллаа.
ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ЦААНА
Олон улсын дижитал амьдралын чанарын индексийг өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Уг индексээр Монгол Улс 121 орноос 89-д жагсаж, сүүл мушгих тун дөхжээ. Интернэтийн чанар, үнэ, цахим дэд бүтэц зэрэг үзүүлэлтэд тулгуурлан эл индексийг гаргасан юм байна. Засгийн газар 2020 оны үеэс л “Цахим үндэстэн болно” гэсэн зорилт тавьж, яам хүртэл байгуулсан ч бодит байдалд ахиц дэвшил ер гараагүйг дээрх үзүүлэлт илэрхийлэх биз ээ. Цахим нэрээр оромдсон хичээл ч үүний нэг нотолгоо юм.
“Цахим платформоор хичээл явуулж байхад хүүхдүүд цаанаа гэр бүлийнхэнтэйгээ, эсвэл ангийнхантайгаа өөр зүйл ярих нь хэвийн үзэгдэл. Багшийн ярьсныг ойлгож, заасан хичээлийн талаар мэдээлэл, мэдлэг авч байгаа, эсэх нь эргэлзээтэй. “Ойлгосон уу” гэхээр “Ойлголоо л” гэдэг юм. Олон хүүхэд цахимаар шууд зааж буй хичээлийг үзэж чаддаггүй. Тэдэнд ухаалаг утас, компьютер алга. Ухаалаг төхөөрөмж байлаа ч датагүй, интернэтгүй. Тиймээс зарим тохиолдолд даалгавар өгөөд, дараа нь шалгаж байна” гэж Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн сургуулийн багш ярив. Түүний даасан анги 32 хүүхэдтэй. Өнгөрсөн долоо хоногт сурагчдын 10 нь цахим хичээлд огт үзэгдээгүй, 14 нь алдаг оног оролцож, үлдсэн найм нь л хичээлдээ бүрэн суусан гэнэ. Ердөө дөрвөн хүүхэд тутмын нэг нь л хичээлээ үзсэн гэсэн үг аж. Гэхдээ заасан хичээлийг тэд 100 хувь ойлгосон хэмээн дүгнэхэд хэцүү гэнэ.
Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн тавдугаар ангид суралцдаг хүүхдийн ээж “Цахим хичээл үр дүнгүй. Багш нар шууд дамжуулдаг платформоор хичээл заахгүй байна. БШУЯ-ны econtent.edu.mn сайтад байршуулсан даалгаврыг өгсөн. Монгол хэл, математикийн хичээлийг л ийм байдлаар заасан нэртэй. Бусад хичээл үндсэндээ хаягдчихлаа. Өнгөрсөн баасан гарагт даалгавар ч өгсөнгүй. Сурагчид амарснаас ялгаа алга. Уг нь сурагчдын улирлын дүнг нь гаргах ёстой. Гэтэл шалгалт яаж авах нь тодорхойгүй болохоор гайхаж сууна” гэж ярилаа. Бас нэгэн иргэн “Өвөл юм чинь огцом хүйтрэх нь ойлгомжтой шүү дээ. Тэр болгонд сургуулиа хаах уу” гэв. Ийм маягаар цахимаар хичээллэсэн нэр зүүж, өөрсдийгөө, хүүхдүүдийг ч хуурахыг таслан зогсоохыг олон эцэг, эх, асран хамгаалагч, багш шаардаж байгаа билээ.
ЛОГИКГҮЙ ШИЙДВЭР
БШУ-ы сайдын дээрх шийдвэр үнэхээр утгагүй байлаа. Түүний баталсан тушаалд “Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэсэн үндэслэл дурдсан юм. Гэтэл ханиад, томуугийн тархалт нь хүүхдүүдийг гэрт нь “түгжих” хэмжээнд хүрээгүй. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ бол томуугийн улирал эхэлсэн үед хэвийн л үзэгдэл. Өөрөөр хэлбэл, амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг томуу, томуу төст өвчин эзлэхэд аюултай, эл үзүүлэлт 15-аас давбал гамшгийн түвшин гэж үздэг. Түүнчлэн ханиад, томуугаар ихэвчлэн тав хүртэлх насныхан өвчилж байхад цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлээд, сурагчдыг гэрт нь “хорих”-оор болсны учрыг ухаарахад ч бэрх. УИХ-ын гишүүн Г.Дамдинням үүний талаар “БШУ-ы сайдын гэнэтийн шийдвэрээр танхимын сургалтыг зогсоож байна. Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм гэнэ. Гэтэл ЭМЯ-ны мэдээллээр ханиад, томуу хүрсэн хүүхдүүдийн 91 хувь нь 0-5 насныхан. Ямар логик байна аа” хэмээн шүүмжилжээ.
“Анх удаа Монголд өвөл болоогүй шүү. Оросын Сахад -50 градуст хүрч хүйтэрсэн ч сургууль нь хэвийн ажиллаж байна” гэж нэгэн иргэн цахим орчинд бухимдлаа илэрхийлсэн байлаа. Өөрөөр хэлбэл, нийт нутгаар эрс хүйтэрсэн нь ч сургуулиа хаах хангалттай үндэслэл болохгүй. Тэгээд ч хүнд үе ард хоцорч, хүйтний эрч өнөөдрөөс харьцангуй суларч байна. Гэтэл дунд, ахлах ангийнхан хүртэл цахимаар хичээллэх нь. Ерөөсөө БШУ-ы сайд сурагчдыг яаран сандран тараасан нь шинэ жилээс улбаатайгаар үүсэх замын хөдөлгөөний ачааллыг сааруулах арга хэмээн хардахад хүргэж байгаа юм. Замын ачаалал бууруулахын тулд хүүхдийн боловсролыг золиосолж болохгүйг салбарын сайд нь хүртэл ойлгодоггүй нь харамсалтай.
ХОЦРОГДОЛ УЛАМ ГААРАХ НЬ
“PISA-2022” олон улсын сурлагын үнэлгээний үр дүнг танилцуулаад дөнгөж 10 гаруй хоног өнгөрч байна. Уг үнэлгээний үр дүнд математикийн хичээлээр монгол сурагчид олон улсын дунджаас 2.3 жил хоцорсон нь тодорхой болсон. Түүнчлэн байгалийн ухааны хичээлийн үнэлгээгээр гурван жилийн хоцрогдолтой байгааг илрүүлсэн юм. Хамгийн ноцтой нь унших чадвар буюу аливаа зүйлийг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлэн бичих, дүгнэлт хийх ур чадвараар олон улсын дунджаас бүр таван жилээр хоцорч явааг тогтоолоо. Ханиад, томуу, хүйтэн бус, харин сурлагын хоцрогдол л гамшгийн хэмжээнд хүрчхээд байна гэсэн үг. Судалгаа, шинжилгээний энэ мэт нотолгоог шийдвэр гаргахдаа ашигладаггүйн төгс төгөлдөр жишээ нь сайд Л.Энх-Амгалангийн тушаал болов. Сурлагын амжилтын үнэлгээний дүнг ойлгосон бол тэрбээр хүүхдүүдийг тараах бус, харин ч хичээлийн хөтөлбөрийг нь сайжруулах ёстой байв. Ийм маягаар сурагчдаа амраагаад л байвал хоцрогдол улам гаарах нь хэнд ч ойлгомжтой юм.
Манай улсад цахим хичээл хараахан нутагших болоогүйг цар тахлын үе бидэнд хангалттай ойлгуулсан. Салбарын сайд ч үүнийг ойлгосон шинжтэй “Цахим хичээлийн чанар, хүртээмж муу байлаа. Хүүхэд мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимын хичээлээр олж авдаг. Гэтэл цар тахлын улмаас нийт хичээлийн 60-70 хувийг зайнаас үзсэн. Ингэснээр хоёр хүүхдийн нэг нь сурлагын хоцрогдолд өртлөө. Нийт сурагч танхимаар авах ёстой мэдлэг, чадварынхаа 50 хувийг л эзэмшсэн. Ер нь л бүх ангийн сурагчдын мэдлэг, чадвар маш их хоцорсон” гэж 2022 оны хоёрдугаар сард мэдээлж байсан юм. Улмаар сурагчдыг заавал танхимд хичээллүүлэхээ илэрхийлж, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө” гэсэн сүржин нэртэй баримт бичиг баталж байснаа мартчихсан бололтой.
ХООСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
Цар тахлын үед “тасарсан” сурлагын хоцрогдлыг нөхөх төлөвлөгөөг 2021 оноос эхлэн энэ жилийг дуустал хэрэгжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, энэ оны эцэс гэхэд сурлагын хоцрогдол арилчихсан байх ёстой. Харамсалтай нь, бодит байдалд уг төлөвлөгөө нь яг цахим хичээл шиг бэлгэдлийн чанартай, нүд хуурсан зүйл байлаа. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс дээрх төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээгээр цогц төлөвлөгөөг төдийлөн хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн аж. Улмаар “Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад санхүүгийн хүндрэл их тулгарсан. Багш нар тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулахын тулд хувиасаа мөнгө гаргажээ. Жишээ нь, гэрээр зочлох, эргэн холбогдох нэмэлт үйл ажиллагаа явуулах зэрэгт сургуулийн удирдлага, багш нар өөрсдийн унаагаа ашиглаж, алслагдсан газарт амьдардаг хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой ажилласан байна. Ангийн сурагчид сурлагаараа 5-6 түвшинд хуваагдсан нь багш нарын ажлын ачааллыг ихэсгэсэн. “Ковид”-ын дараа танхимын сургалтад шилжихэд сайн түвшний сурагч бараг үгүй, олонх нь хоцрогдолтой байсан. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт сул, хичээлийн идэвх, оролцоо муу байв. Уг төлөвлөгөөг бүхлээр нь хэрэгжүүлэх, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохион байгуулах ажил удааширсан. Гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн үед боловсролын тогтолцоо бэлэн байх нэгдсэн стратеги, аргачлал хэрэгтэй байна” гэж дээрх байгууллагын дүгнэлтэд дурджээ.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийнхаа дагуу сурч боловсрох эрхтэй. Гэтэл хүүхдүүдийн эл эрхийг төрийн бодлого, шийдвэрээр хязгаарласнаар сурлагын амжилт цаг, өдрөөр биш, хэдэн жилээр хоцорчихлоо. Боловсрол бол иргэний амьдралын чанарт нөлөөлдөг, улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлдог чухал салбар. Гэтэл манай улс хүйтрэх төдийд, эсвэл ханиад ялимгүй ихсэхэд хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлан сүржигнэж, улмаар ирээдүйн хөгжлийг нь хойш татаж болохгүй. Үүнийг мэдсэн атлаа хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарласаар буй эрх баригчид биднийг улсаар нь ядуу, боловсролгүй байлгах бодлого бариад байгаа юм биш үү.
Бэлтгэсэн: М.Оч