Монголын хамгийн баян эмэгтэй гэгддэг А.Адъяасүрэн гишүүн ард түмний итгэлийг олсон ч, хариуцлагатай байж чадсангүй. Гишүүн болсон цагаасаа авлигын хэрэгт холбогдсон түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч яригдсан. Тухайлбал, эрхэм гишүүнээс авлига авсан хэргээр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж "дүрэмтээ тайлж", өдгөө прокурорын албанд эргэж орохгүй эрхгүй болоод буй. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж 2021 онд түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч төд удалгүй буруудсэн нь энэ юм. Ш.Нямдорж өдгөө 100.000 ам.долларын хахууль авсан хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдүүлчих гээд явж байгаа гэх яриа бий. Мөн А.Адъяасүрэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм.
Улмаар А.Адъяасүрэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Тогтоолын дагуу мөрдөн шалгаж, нэн даруй танилцуулахыг тус оны тавдугаар сард АТГ-ын мөрдөгчид даалгасан аж. Гэвч гишүүн уг тогтоолтой танилцаж, гарын үсэг зуралгүй хууль сахиулах байгууллагынхны хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулж өнөө хүрсэн. Нэгэнт хэрэг нь шийдэгдэгүй учир эрхэм гишүүн сонгуульд дахин хүч үзэхээр нам дотроо хор найруулсан шигээ явна.
Өнгөрсөн өдрүүдэд нүүрсний хулгайг илрүүлэх хоёр дахь шатны сонсголд А.Адъяасүрэн гишүүнийг гэрчээр дуудсан. Өнгөрсөн жилүүдэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж, ард иргэдийн боломжийг хулгайлснаа өөрөө мэдүүлэхийг сонсгол зохион байгуулагчид түүнээс шаардаж буй. Энэ нь магад хуулийн байгууллагаар хэргээ дэнслүүлж, төр алдсан боломжоо эргүүлэн авах эхний алхам хийгдэх боломж нь байсан. Гэвч тэр тэгсэнгүй, авлигын гэмт хэрэг огт үйлдээгүй хэмээн худлаа хэлж, ард түмнийг мэхэллээ. Тухайлбал, Тэрбээр сонсголоор хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ эцсийн өмчлөгчийг Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй компанийн эзэн, Туркийн иргэн Мансур Темел гэдэг хүн байдаг хэмээв. АТГ-аас А.Адъяасүрэн гишүүний яллагдагчаар татан шалгаж байгааг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан ч тэрбээр С зөвшөөрөл гаргуулж авсан компаниудынхаа нэрийг өөрчилж, өөр хүнд шилжүүлэх зэргээр ул мөрөө баллаж байв.
Одоо уг хэргийг шүүхэд шилжүүлснийг ХЗДХ-ийн сайд С.Энхбаяр батлав. Нөхцөл байдал ийм болчихоод байхад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх халхавч дор нуугдан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худлаа хэлж сууна. Түүний энэхүү увайгүй үйлдлийг ирэх онд ард түмэн мартахгүй, улс төрийн карьерт нь цэг тавина хэмээн ярьж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдсон түүнд тойргийнх нь иргэд дүн тавих цаг ийн хаянд иржээ.