Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах Түр хорооны гишүүд Эмийн чанар-Аюулгүй байдлын талаар иргэдээс санал, мэдээлэл, гомдол хүлээн авч ажиллах тухай мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмийн чанарт итгэх, итгэл үнэмшлийн асуудал өвчний эдгэрэлтэд чухал байдаг, эмийн чанарыг хянах тогтолцоо байхгүй нь шалгалтын явцад илэрсэн. Тухайлбал, зах зээлд худалдаалагдаж буй эмийн чанарт итгэх үү гэх судалгааг ард түмний дунд явуулахад дийлэнх нь итгэхгүй хэмээн хариулсан. Түр хорооны хугацаа сунгах болсон шалтгаан нь нотлох баримт бүрдүүлэх, үнэ өртөг нэмэгдсэн ч чанар дээрдэхгүй байгаа зөрчил ихтэй, дамжуулан өнгөрүүлэх шинж байдлыг тогтоох нотолгоо цуглуулах шаардлагатай холбоотой.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төр эмийн бодлогоо алдчихсан байна. Эмийн салбарт 4-5 компани монопол тогтоочихоод эмийн чанарыг шалгах ажилд чирэгдэл учруулж байна. Эмэнд зарцуулж байгаа санхүүжилт жил бүр нэмэгдсэн. Гэтэл эмийн чанар сайжрахгүй байна. Эм, тарианд зарцуулж байгаа мөнгө нь өрхийн орлогын 80 хувийг эзэлж байна. Зарим эмийн үнэ зах зээлийн үнээс 40 хувиар илүү байна.