Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “ТВ9” телевизээс хамтран “Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэтгүүлчдийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Сэтгүүлчдээс гадна ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “Глоб интернэшнл төв”-ийн хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн сэтгүүл зүйн багш Д.Идэржаргал нарын хүмүүс үүнд оролцож, хууль, эрх зүйн орчин, гарц шийдэл, сэтгүүлчийн ёс зүй ба сургамж зэрэг сэдвээр хэлэлцлээ. “ТВ9” телевизийн сэтгүүлч П.Пүрэвжаргал “Сэтгүүл зүй нийгмийг талцуулах ёсгүй. Өнөөдөр бидний нэр хүнд унасан байна. Үүнд өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Сүүлийн үед монголчууд жудаггүй болсон. Үүн дээр сэтгүүлчид үлгэр дуурайл үзүүлж, ёс зүйтэй байх ёстой” хэмээн ярив.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Бид салбартаа тулгамдаад байгаа асуудлаа ярья гэсэн үүднээс уг хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Тодруулбал, хэвлэлийн эрх чөлөө болон хууль, эрх зүйн орчин ямар байгаа, сэтгүүлчид бид өөрсдөө ёс зүйн ямар алдаа гаргаад буйгаа ярилцаж байна. Сэтгүүлчид үгээ чөлөөтэй хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдлаа. Ажлаа хийснийхээ төлөө цагдаад дуудагддаг болсон нь хэвлэлийн эрх чөлөө Монголд алга гэж хэлэхэд хүргэлээ. Үүнийг шийдэх гарц гаргалгааг бас хэлэлцэж, сууриар нь өөрчлөх ёстой” хэмээв. Мөн МУИС-ийн сэтгүүл зүйн багш Д.Идэржаргал сэтгүүл зүйн ёс зүй, сошиал дахь оролцоо, дүр байдал, сэтгүүлчдийн харилцаа зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.
“Глоб интернэшнл төв”-ийн хуульч, судлаач Л.Галбаатар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг нь мэдээлэл олж авах, хайх, түгээх асуудал. Үүний цаана мэдээлэл аль болох нээлттэй, ил тод байх ёстой. Гэтэл өдгөө улам хаалттай болсон. Зөвхөн төрийн нууцын мэдээлэл хаалттай байх зохицуулалттай. Харамсалтай нь, мэдээллийн жагсаалтыг маш өргөн хүрээнд баталж байна. Нийтийн мэдээллийн жагсаалтад 67 мэдээлэл байхад төрийн нууцад 1000 гаруйг оруулсан. Мэдээллийг нууцлах замаар төрийнхөн авлига, ашиг сонирхлын асуудлаа шийддэг тогтолцоо бий болчихлоо. Энэ мэтчилэн хэвлэлийн эрх чөлөөг олон хууль тогтоомжоор, зүй бусаар хэтрүүлэн хязгаарлаж байна” гэлээ.