Чуулганаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах Түр хорооны ажиллах хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эм хангамжийн асуудал 100 хувь хувийн хэвшилд ирсэн, эмийн чанар харилцан адилгүй, гадаадаас худалдан авсан нь илүү чанартай байгаа тухай яригддаг талаар дурдаад, дөрөвдүгээр эмнэлэгт гарсан хэрэг явдлыг хэрхэн шийдвэрлэснийг тодрууллаа. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эмийн чанарт итгэх, итгэл үнэмшлийн асуудал өвчний эдгэрэлтэд чухал байдаг, эмийн чанарыг хянах тогтолцоо байхгүй нь шалгалтын явцад илэрсэн. Түр хорооны хугацаа сунгах болсон шалтгаан нь нотлох баримт бүрдүүлэх, үнэ өртөг нэмэгдсэн ч чанар дээрдэхгүй байгаа зөрчил ихтэй, дамжуулан өнгөрүүлэх шинж байдлыг тогтоох нотолгоо цуглуулах шаардлагатай холбоотой гээд Яармагийн эмнэлэгт гарсан асуудлын мөрөөр очиж ажилласан, найруулдаг уусмалтай холбоотой гэж дүгнэсэн хэмээн хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 374 тэрбумаас хоёр их наяд төгрөгт хүргэж, 5.3 дахин нэмсэн ч эмийн чанар сайжраагүй, муу эм хэрэглэсэн хэвээр байна. Түр хорооны хугацааг сунгахыг дэмжинэ гэв. "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эксклюзив буюу ганцаараа бараа нийлүүлэх, давуу эрх олгож байгаа нэг жишээг дурдаад, төрд давуу эрхээ ашиглан хулгай хийдэг байдал эмийн үнийн өсөлтөд ч нөлөөлсөн, гаальд мэдүүлсэн үнээс 5-6 дахин нэмэгдэж борлуулж байна. Чанар тааруу, иргэд нь чанарт итгэхээ больчихсон гэсэн мэдээллийг өгөв.