Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өмнөх долоон хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа эцсийн хэлэлцүүлэг явуулж, хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асууж, хариулт авах УИХ-ын гишүүн байсангүй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны гаргасан зарчмын зөрөөтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Хуулийн төслийг санаачлагч гишүүдийн зүгээс, эрүүл мэндийн салбар нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн гэсэн хоёр цогц тусламж үйлчилгээнээс бүрддэг тул долоон жилийн өмнө Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах үеэс уг хуулийн төслийн талаар ярж эхэлсэн, долоон жилийн дараа эцсийн хэлэлцүүлэгт орж ирсэнд талархаж байна. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын нийт хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулах боломжийг нээж өгч, эрүүл мэндийн боловсрол олгох, тус салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг ч тусгасан зэрэг олон талын ач холбогдолтой учраас Монгол Улсын найм дахь удаагийн парламент эрүүл мэндийн салбарт том дэвшил гаргаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг бие даалгахад том хувь нэмэр оруулж, шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй гурван томъёолол тус бүрээр санал хураахад, санал дэмжигдсэн тул Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 35, найруулгын шинжтэй нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 19 санал гаргасныг Байнгын хороо дэмжжээ. Түүнчлэн уг хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн хамтаар сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд хамруулах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, багш болон боловсролын байгууллагын зүгээс хичээлдээ ирээгүй хүүхдийн талаарх мэдээллийг асран хамгаалагчид нь нэн даруй мэдэгдэх, эрсдэлт нөхцөлд орсон тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх, хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлыг үнэлэх, Эцэг, эхийн зөвлөлийг хүүхдийн эрх хамгааллын бодлоготой болгох, цахим орчинд хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, хортой, хориотой мэдээлэл, контентоос хамгаалах, оршин суугаа газраас өөр газарт 24 цагаас дээш хугацаагаар аливаа арга хэмжээнд оролцуулах бол 15 хүүхэд тутамд заавал харгалзах хүнтэй явуулах, хурдан морины уралдаан зохион байгуулагч нь тухайн орон нутгийн захиргаанд мэдэгдэх зэрэг зохицуулалтыг тусгасныг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал өмнөх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлыг тусгасан эсэх, үндэсний уламжлалыг харгалзан үзэхийг, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн албан бус эдийн засгийн салбарт ажиллагсад, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үр хүүхдүүдэд хүүхэд хамгааллын төсвийг хүргэх талаар зарчмын зөрүүтэй саналаа дэмжүүлэх албан хүсэлтийг бичгээр илгээснээ хэлж, хэрхэн шийдвэрлэснийг тодруулж асуулаа. Ажлын хэсгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төсөлд хүүхэд хамгааллын зардалтай холбоотой зарчмын том өөрчлөлт орсныг дурдаад, юуны түрүүнд бүх байгууллага цалингийн сангийнхаа нэг хувийг хүүхэд хамгааллын зардалд тусгах ёстой гэсэн заалт байгааг хэлэв. Мөн уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, саяхан Хан-Уул дүүрэгт галд өртөж, амь үрэгдсэн гэр бүлийн хүмүүсийн ар гэрт ямар тусламж дэмжлэг, арга хэмжээ авсан талаар тодруулсан бол хүүхэд хамгааллын асуудлыг хоёр, гуравдугаарт эрэмбэлж, төсвийг танадаг байдлыг арилгах, хангалттай төсөв хуваарилах, шаардлагатай тохиолдолд зарим яамдыг татан буулгасан ч болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар шүүмжилсэн юм.
Нийгмийн ажилтанг сум хороо бүрд ажиллуулна гэсэн санал дэмжигдсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен саналын төхөөрөмж нь ажиллаагүй тул дахин санал хурааж өгнө үү гэсэн горимын санал гаргаснаар өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцъё гэсэн томьёоллоор санал хураахад 52,5 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү санал хураалт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Монгол Ардын намын гишүүд эзгүй учраас ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авъя гэсэн санал гаргаснаар завсарлав.