УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу томсгосон тойргоор явуулахаар эрх баригчид тохироод буй. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 78 нь тойргоор, 48 нь жагсаалтаар сонгогдоно. Тэгвэл чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасныг нийт гишүүдийн 72,3 хувийн саналаар дэмжлээ. Тойргийг задалж үзвэл,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцжээ.