2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, 1 дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тус хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.
Үйлчлүүлэгчдийн хувьд түлэгдэлтийн зэрэг хөнгөн, биеийн байдал сайжирч байгаа тул Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байгаа дөрвөн настай хүүхдийг энгийн тасагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Дашрамд дурдахад, хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр болон орчны аюулгүй байдалд анхаарч цахилгаан хэрэгсэл, хутга мэс, хүүхэд цохигдож гэмтэх эрсдэлтэй эд зүйлийг хол байлгах, цонх тагтны хаалтыг шалгах, галын аюулаас сэрэмжлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.