Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Мөн малын тэжээл, өвсний хомсдолтой байгаа аж. Тиймээс малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон байсныг ирэх оныг дуустал болгон сунгажээ. Өөрөөр хэлбэл, ирэх онд малын тэжээл экспортлохгүй. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрч байгаа тул нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгажээ.