Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд 3000 гаруй иргэн угаарын хийд хордсон байна. Иргэд угаарын хий мэдрэгчээ муухай чимээтэй гэдэг шалтгаанаар салгаснаас хордсон тохиолдол элбэг гэнэ. Угаарын хийд хордсон үед ямар арга хэмжээ авах болон анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшингээс тодрууллаа. Тэрбээр “Угаарын хийн хордлого нь хөнгөн, дунд, хүнд гэсэн түвшинтэй.
Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм.