Энэ сард огцом хүйтэрч, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэний улмаас эмнэлгүүдийн ачаалал улам нэмэгджээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн, амьсгалын замын реновирус, корановирусийн тархалт давамгайлж байна. ХӨСҮТ-ийнхний мэдээлснээр иргэд томуугаас гадна “Ковид”, ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд амьсгалын замын синцитиал вирусээр халдварлах нь элбэг байгаа гэнэ. Амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 90 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Тэдний 80 хувийг 0-5 насныхан эзэлж буй юм байна. Томуугийн дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд энэ сарын 5-наас уртасгасан цагийн хуваарьт шилжин ажиллаж буй. Бидзарим эмнэлгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Ингэхдээ шатлал бүрээс нэг эмнэлгийг сонгон, ачааллынх нь талаар мэдээллийг лавласан юм.
Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь 5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өдрийн цагаар ачаалал харьцангуй бага байв. Угтах болон бүртгэлийн ажилтнууд эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн амин үзүүлэлтийг үзсэний дараа амбулатори болон яаралтай тусламж руу хуваарилж байлаа. Тав орчим насны хүүхдийн мэдээллийг аав нь бүртгүүлэх явцад угтах ажилтан хүүхдийн халууныг хэмжин, тэднийг яаралтай тусламжийн тасагт бус, амбулаторийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Удалгүй хүчилтөрөгчийн аппараттай, биеийн байдал нь нэлээд хүндэрсэн бололтой хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийнх нь хамт дотогш нэвтрүүлэв. Тэд эмнэлгээс шилжиж ирсэн бололтой, бүртгэл хийлгэхгүйгээр шууд орсон. Дүүргийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнээр зарим эцэг, эх шууд ЭХЭМҮТ-ийг зорин ирж байгаа нь ажиглагдсан. Тэднийг эхлээд бүртгэсний дараа хүүхдийн өвчлөл болон биеийн байдлыг үнэлээд, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэвтүүлдэг хэмээн угтах ажилтан тайлбарлалаа. Зорин ирэгсдийн олонхыг нь өдрийн цагаар амбулаторид, шөнө, орой бол хүлээн авах хэсэгт үздэг аж.
Тус эмнэлэгт 0-18 насны хүүхдүүд нарийн мэргэжлийн эмчид хандан оношлуулж, үйлчлүүлдэг. Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн үүдний самбарт “Томуугаар өвдсөн хүн ханиаж, найтаалгахад долоон метр зайд нян үсэрдэг. Ханиалгаж, найтаалгах үедээ амны цаас хэрэглэх, сод, царван, давсны уусмалаар амаа зайлах, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших” гэсэн зөвлөгөө байршуулжээ. Амбулаторийн амьсгалын замын өвчний эмчийн 104 тоот өрөөний үүдэнд гурван хүн бага насны хүүхдээ тэврэн сууж байв. Тэдний нэг нь дүүргийнхээ эмнэлэгт үзүүлсэн ч сайн оношлуулж чадахгүй байгаа учраас ЭХЭМҮТ-д хандах болсноо ярилаа. Тэрбээр “Хүүхэд минь саяхнаас чихээ даран уйлах болсон тул оношлуулахаар энд ирсэн юм. Ханиад нь чихний өвчлөл үүсгээд буй юм болов уу гэж бодож байгаа. Учир нь хоёр ахынх нь цэцэрлэгийн ангийн хүүхдүүдээс бас ийм шинж тэмдэг илэрсэн юм билээ. Хүүхдүүд цэцэрлэгт явахаараа л ханиад хүрчихдэг. Бөгшүүлж ханиах нь гайгүй боловч нус нь гоожиж байна. Бас гэр хүйтэн, халаалт муу байгаа. Манай байрны сууриас ус гардаг. Түүнийг нь байнга соруулдаг юм. Ус нь ханаараа нэвчээд, чийг маш их ялгаруулдаг. Хүүхдээ асарч сувилаад ч нэмэр алга” гэв.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Н.Пүрэвжаргал эмчээс өдөрт хэчнээн хүүхэд үйлчлүүлж байгаа талаар лавлалаа. Тэрбээр “Суурь өвчтэй болон хяналтад байдаг хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилж, улмаар биеийн байдал нь хүндрэх тохиолдол элбэг байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд ч томуугаар өвчлөх нь ихэслээ. Томуу өвчнөөс сэргийлэх гол арга нь гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч шингэн хэрэглэх, дулаан хувцаслах, малгай, бээлий заавал өмсөх, хоол хүнсээр дархлаагаа дэмжин, сайтар унтаж, амрах юм.
Бид ажлын өдрүүдэд хоногт 280-360, амралтын өдөр 300-400 хүүхдэд үйлчилдэг. Хамгийн ачаалалтай үе нь ажил тарснаас хойш буюу 17.00 цагаас шөнө хүртэл үргэлжилдэг. Ер нь ханиад, томуугаар өвчилсөн хүүхдийн биеийн байдал амархан хүндэрч байгаа. Ингэхдээ ихэвчлэн уушгины хатгаатай болж байна. Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хоногт 6-8 эмч зэрэг үзлэг хийдэг. Одоохондоо коридортооор дэлгээгүй, бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Өвчилсөн хүүхдүүд эхлээд өрх, дараа нь дүүргийн эмнэлэгт хандах ёстой” гэлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэгт очиход эмч нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд үзлэг хийж байв. Өдрийн цагаар эмчид үзүүлэх дараалал хэвийн, үүдэнд нь хоёр хүүхэд үзүүлэхээр хүлээж байсан. Эмчийн өрөөний хаалганд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ажиллах амбулаторийн шинэчилсэн цагийн хуваарийг байрлуулжээ. Үүнээс гадна томуу өвчний талаар зөвлөгөө авах бол 70110715 дугаарын утсаар холбогдох талаар мэдээлжээ. Дүүргийн Томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08.30-21.00, бямба гарагт 12.00-18.00 цагт ажиллах нь. Тэгвэл өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.30-20.00, ням гарагт 10.00-15.00 цаг хүртэл ажиллах хуваарь гаргажээ. Тус эмнэлгийн мэдээллийн ажилтнаас хэвтэж эмчлүүлж буй хүүхдийн тоон мэдээллийг тодрууллаа. Тэрбээр “Хоногт 30-40 хүүхэд манайд хэвтдэг. Зарим тасгаа суллаад, хүүхэд хүлээн авах орны тоог нэмсэн. Одоогоор 152 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйн 149 нь амьсгалын замын өвчинд өртсөн байна. Гурван хүүхэд суулгалттай” гэв.
Хүлээн авах тасгийн эмч “Амбулатори болон өрхийн эмч нар хоёр хоёроороо ээлжилж ажиллаж байгаа. Орой ажил тарж, түгжрэл буурсны дараа буюу 21.00 цагийн үед эцэг, эхчүүд хүүхдээ авчирч үзүүлснээр Яаралтай тусламжийн тасгийн ачаалал эрс ихэсдэг. Миний хувьд 17.00 цаг хүртэл ажилладаг юм. Түүнээс хойш 17.00-21.00 цагт өрх болон амбулаторийн эмч нар ээлжлэн ажиллаж байгаа. Бид өдөрт 50-60 хүүхдэд үйлчилдэг. Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна. Манайд эмчийн хүрэлцээ муу. Өдгөө нийт таван тасагт найман эмч ажилладаг. Томуугийн өвчлөл нь2-3 төрлийн вирустэй хавсарч байгаа тул хүүхдүүдийн биеийн байдал янз бүрийн хэлбэрээр хүндэрч байгаа нь үнэн. Голдуу 0-5 насны хүүхэд ирж байна. Ханиад, томууны шинж тэмдэг төстэй. Гэхдээ томуу нь богино хугацаанд уушгины хатгаагаар өвчлүүлэх, биеийн байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй” гэж ярилаа.
Тус эмнэлгийн байр стандартын шаардлага хангадаггүй, өрөө, тасалгааны талбай багатай учраас шинэ барилга барихаар төлөвлөсөн. Тодруулбал, өнгөрсөн онд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга барихаар болсон юм. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн төсвийн 6.8 тэрбум төгрөгөөр 2.8 га газрыг бүрэн чөлөөлжээ. Өдгөө уг ажил эхлэл шатандаа яваа гэнэ. Эмнэлгийнхэн одоогоор Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх гурван ч байршилд үйл ажиллагаа явуулдаг аж. Тодруулбал, нэгдсэн эмнэлгийн байр ньСУИС-ийн замын урд, төв салбар буюу амбулатори нь“Чингис хаан” музейн ард, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болон зарим мэргэжилтэн ньойролцоох “Цэцээ гүн” сургуулийн арын эмийн сангийн гуравдугаар давхарт байрлаж байв.
Баянгол дүүргийн зургаадугаар хорооны “Мөнх-Үржин” өрхийн эрүүл мэндийн төвөөр орлоо. Тус төвийн их эмч А.Оюунбилэгтээс хүүхдүүдийн дунд ханиад, томуу хэр байгааг тодруулахад “Манай өрхийн эмнэлгийн ачаалал харьцангуй бага байна. Өдөрт дунджаар нэг хүүхэд ханиад, томуугаар эмнэлэгт хэвтэж байгаа. Бага насны хүүхдүүдийн ханиад хүндрэх нь ихэссэн. Өдөрт нэг эмч 10-аад хүүхэд үздэг. Энэ тоо өдөр өдрөөр нэмэгдэж буй. Хүүхэд нь ханиадтай бол цэцэрлэгт нь явуулахгүй байхыг бид эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөж байгаа. Учир нь ханиад томуугаар өвчилсөн хүүхдийн биеийн байдал хоёр хоноод хүндрээд ирж байна. Эмчилгээнээс гадна асаргаа сувилгаа сайн байх хэрэгтэй. Ханиад, томуу дөнгөж хүрч эхэлж байгаа хүүхдэд аль болох вирусийн эсрэг, дархлаа дэмжих эмчилгээ, зөвлөгөөг санал болгодог. 2-3 хоногт тухайн хүүхдэд зовуурь илрэхгүй үед тав хоногийн дараа давтан үздэг. Зайлшгүй шаардлагатай үед антибиотик эмчилгээ хийж, хэвтүүлэн эмчлүүлэх ёстой бол шатлалын эмнэлэг рүү явуулдаг. Харин томчууд ханиад, томуу хүрсэн ч биеийн байдал хүндрэх нь харьцангуй цөөн. Өрхийн эмнэлгүүдийн хувьд ням гараг болгон жижүүрийн эмч ажиллуулж байна” гэв.