Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй аж. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхаарууллаа. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх буюу 91.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд гэнэ. Тэр дундаа 0-4 настай хүүхдүүд түлхүү өвчилж, биеийн байдал нь хүндрэх болжээ.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд“Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог улс орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэж байна. Томуугаас гадна “Ковид-19”-ийн өвчлөл их байгаа. Олон улсад энэ жил томуугийн А хүрээний H3N2, H1N1 вирусийн тархалт өндөр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Манай улсын хувьд улирлын томуугийн А хүрээний H3N2 вирусээс гадна томуу төст өвчний синитиал, реновирус, коронавирусийн тархалт ихэссэн нь бага насны хүүхдүүд олноор өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шалтгаан болж байна” гэв.
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэссэнтэй холбоогоор хүний нөөцийн хомсдол үүсжээ. Тиймээс резидент эмч нар болон АШУҮИС-ийн сувилахуйн ангийн төгсөх курсийн оюутнуудыг эмнэлгүүдэд нэмэлтээр ажиллуулж буй аж. Мөн өрх, дүүргийн эмнэлгүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байгаа гэнэ. Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн ням гарагт гаргасан. Тэгвэл бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулахаар болсноо ЭМЯ-наас мэдээлэв.
Ташрамд дурдахад, томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг эзлэхэд аюултай, 15-аас давбал гамшгийн түвшин гэж үздэг.
Бэлтгэсэн: М.Оч