Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатарыг бүхэлд нь камержуулахад зориулж 80 тэрбум төгрөг хуваарилаад буй. Хотыг “нүд”-тэй болгосноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, замын хөдөлгөөнийг нэгдсэн системээр хянах зэрэг олон давуу талтай ч манайх шиг техник, технологийн хөгжлөөр маруухан, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, импортын голдуу тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашигладаг орны хувьд энэ нь цахим “дархлаа”-гаа алдах эрсдэлтэй алхам байж ч болзошгүй.
Уншигчид санаж буй бол эрх баригчид өөрт нь хэмжээлшгүй их эрх дарх олгосон “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацааг хууль, журам зөрчин хэдэнтээ сунгахдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой “ноцтой” асуудлууд ярьж, иргэд, олон нийтийг айдаст автуулж байв. Дараа нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Цахим орчинд хүний эрх хамгаалах хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хүчирхийлэлд ихээр өртөж буйгаас үүдэн үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна гэдэг үндэслэл дэвшүүлсэн.
Тиймээс хотыг камержуулах ажилд нухацтай, хянуур хандаж, эрсдэлээ давхар тооцоолох хэрэгтэйг энэ талын мэдлэг, ойлголттой хүмүүс нийслэлийн удирдлага болон түүний багийнханд анхааруулсаар байгаа. Харин нийслэлийнхэн Улаанбаатарыг камержуулахгүй бол үүнээс ч айхавтар зүйл болно хэмээн шийдвэрийг нь сөргөсөн хүмүүсийг “айлгаж” байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр царай таних технологиороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ Шинжаан-Уйгурыг камерын тусламжтайгаар бүрэн хяналтад авсан жишээг дурдаад, Монголд ч ийм зүйл тохиолдохгүй гэх баталгаа үгүйг анхааруулав. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хариуд нь “Энэ бол нэгдсэн удирдлагын төв байгуулах, дата сервертэй болох, хороо, хэсэг, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаараа тус тусдаа, уялдаа холбоогүй буй дэд бүтэц, шугам сүлжээг нэгтгэх, кибер аюулгүй байдлыг хангах ажил. Үүнийг хийхгүй бол харин үндэсний аюулгүй байдал хөндөгдөнө” гэж сөргүүлэв. Камер суурилуулснаар нууц мэдээллүүдээ алдах, хэн нэгний хяналтад орох эрсдэл бий ч ингээд ч болов үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь зүйтэй гэсэн санааг . Магадгүй ингэж “айлгах”-ын оронд хотыг бүхэлд нь камержуулаагүйгээс ямар асуудал үүсээд буй, энэ ажлыг хэзээ, хэрхэн зохион байгуулах, технологийн нууцлал, аюулгүй байдалд нь яаж санаа тавих зэргийг тайлбарласан бол илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц, ажил хэрэгч, үндэслэлтэй хариулт болох байв. Даанч тэрбээр өнөө цагт тогтсон “уламжлал”, нийтлэг үзэгдлийн дагуу сүрдэм зүйл ярьж, ам таглахыг санаархлаа.
Ажиглах нь ээ, улс төрчид, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс сүүлийн үед үндэсний аюулгүй байдал хэмээх үгийг их ашиглах болж. Юу юуны туханд хүрэлгүй энэ үгийг шүүрэн авч, иргэдээ “айлган сүрдүүлдэг” явдал гаарлаа. Тэд ямар үед үүнийг голдуу ашиглаж байна вэ гэвэл өөрсдийн гаргасан хуудуутай шийдвэр, хууль бус ажлуудаа саадгүй урагшлуулах зорилгоо гүйцэлдүүлэхээр зүтгэхдээ. Товчхондоо, энэ үгийг бамбай болгож ашигладаг гэсэн үг. Ингээд зогсохгүй хууль бус үйлдлээ нуун дарагдуулахдаа ч ашиглаж байна. Үүний нэг жишээ нь, саяхан дуулиан тарьсан “ногоон автобусны” хэрэг.
Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нар нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ, замын хөдөлгөөний урсгалыг бууруулна, түгжрэлээс үүдэлтэй алдсан боломжийн өртгийг нөхнө хэмээн ярьж байгаад, олон тооны хулхи автобус худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ автобус худалдан авах ажиллагааг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хамааруулж, улсын нууцад оруулаад, тендергүй зохион байгуулсан нь илэрсэн. Энэ бүхэн нь олон нийтэд ил болж, нийтийн тээврийн парк шинэчлэл, автобус худалдан авах ажил ямар учир шалтгаан, сэжмээр үндэсний аюулгүй байдалтай холбогдож байгааг иргэд асууж шалгаагаад эхэлмэгц нийслэлийнхэн Тагнуулын ерөнхий газар луу “бухсан”.
Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам тухайн үед “Уг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас дэвшүүлж, нийслэлийн ЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Үүний дагуу хотын дарга захирамж гаргаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан” гэж ярьж байв. Гэтэл энэ нь баримтаар нотлогдоогүй. Тагнуулын байгууллагаас нийслэлд үнэхээр зөвлөмж хүргүүлсэн үү, хотын удирдлагууд дур зоргоороо тийм зохицуулалт хийсэн үү гэдэг нь тодорхой болоогүй. Ямартай ч хотын өмнөх удирдлага, “түгжрэл”-ийн хуучин сайд хоёр “Парк шинэчлэлийг шуурхай зохион байгуулах, хугацаа хожих зорилгоор худалдан авах ажиллагааг шууд явуулсан” гэсэн явуургүй, үнэмшилгүй тайлбар хэлсэн юм даг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” хэмээн заасныг тэд ийнхүү овжноор ашиглаж, луйвар хийсэн юм. Үндэсний аюулгүй байдлыг хангах, сахин хамгаалах нэрийдлээр хөшигний цаана хийсэн энэхүү “наймаа” нь угтаа үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим болох “улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх” хэмээх заалтыг зөрчиж, монголчуудыг нийтээр нь хохироон, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн.
Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ хэмээн холбогдох хуульд тодорхойлоод, дотор нь 10 бүрэлдэхүүнд хуваасан байдаг. Тодруулбал, Монгол Улсын оршин тогтнохын, нийгэм, төрийн байгууллын, иргэдийн эрх, эрх чөлөөний, эдийн засгийн, шинжлэх ухаан, технологийн, мэдээллийн, монгол соёл иргэншлийн, хүн ам, удмын сангийн, экологийн, хүнсний аюулгүй байдлын асуудлыг үүнд багтаасан. Эл ангиллын дагуу бол манай улс оршин тогтнохын аюулгүй байдлаа хангахтай холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник буюу цэрэг, батлан хамгаалахын салбарт хамаарах бүтээгдэхүүнийг голдуу дээрх хуулийн хүрээнд худалдан авч, нөөцөлдгийг хуульч, судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал гэж чухам юуг хэлдэг, үүнд ямар ойлголтуудыг хамааруулахаас шалтгаалаад цөөн төрлийн бараа, бүтээгдэхүүнийг дээрх хуулийн дагуу, тодорхой нууцлалын хүрээнд авдаг байх нь. Үүнд нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа автобус, суудлын автомашин зэргийг лавтай хамруулдаггүй аж. Харин Д.Сумъяабазар хотыг удирдах хугацаандаа “шинэ нээлт” хийж, үндэсний аюулгүй байдал хэмээх ойлголтын цар хүрээг автобус мэтхэнээр тэлэв. Үүнийг Х.Нямбаатарын багийнхан камер зэргээр үргэлжлүүлж магадгүй нь.
Уншигчид санаж буй бол эрх баригчид өөрт нь хэмжээлшгүй их эрх дарх олгосон “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацааг хууль, журам зөрчин хэдэнтээ сунгахдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой “ноцтой” асуудлууд ярьж, иргэд, олон нийтийг айдаст автуулж байв. Дараа нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Цахим орчинд хүний эрх хамгаалах хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хүчирхийлэлд ихээр өртөж буйгаас үүдэн үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна гэдэг үндэслэл дэвшүүлсэн. Даанч хүний эрх хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд болон хуульч, судлаачид үүнийг үндэсний язгуур эрх ашиг, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд харшилсан хууль хэмээн эсэргүүцэж, Ерөнхийлөгч хориг тавьснаар энэ санаархал нь талаар болсон. Ер нь улс төрчид, төрийн албан тушаалтнууд бүх зүйлийг үндэсний аюулгүй байдалтай холбож, туйлширдаг явдал хэрээс хэтэрлээ. Гэтэл жинхэнэ үндэсний аюулгүй байдал хөндөгдөх хэмжээнд хүрсэн экологи, хүнс, иргэдийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн холбогдолтой асуудлууд “эзэнгүйдэж”, туйлдаа хүрч, монголчууд нийтээрээ хохирч байна. Улс төрчид ямар асуудлаар дуугарах, юунд анхаарахаа өөрсдийн эрх ашиг, тааллаар шийддэгийг эндээс харж болно.