Сургуулийн орчмын дэлгүүрүүдэд баталгаагүй хүнс борлуулдаг, тэдгээрийг хянадаггүй зэрэг нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэдийн аюул заналхийлэх болсон. Нэгэн эмч цахим хуудсандаа “Энэ удаагийн хүүхдийн үзлэг аймшигтай байлаа. 40 гаруй хүүхдээс 12-т нь нойр булчирхайн архаг үрэвсэл илэрсэн” гэж бичжээ. Хүүхдүүдээ баталгаагүй хүнсээр хооллох нь ирээдүйд олон өвчний үндэс суурь болдгийг бид мэддэг. Гэсэн ч эцэг, эх, асран хамгаалагчид, бодлого боловсруулагчид энэ асуудалд хайнга хандсан хэвээр л байна.
Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амттан, чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалт нь өвчлөлийн суурь шалтгаан болсныг эрүүл мэндийн байгууллагын судлаачид тогтоосон. 14-18 насныхны 55 хувь нь сургуулийн орчмоос хийжүүлсэн болон чихэрлэг ундаа авдаг гэж хариулжээ. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 70 орчмынх нь шүд цоорсныг эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээс харж болно. Хүнсний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомж хөрсөн дээрээ буудаггүй, тэдгээрт хяналт тавьдаг, хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг газар ч байдаггүйг дээрх үзүүлэлтүүд хангалттай нотлох биз ээ. Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв. Гэтэл өдгөө уг лабораторийн тоног төхөөрөмжийн 80 хувь нь эвдэрсэн, бусад технологийг ажиллуулах мэргэжилтэнгүй болж, үүдээ хаахдаа тулсныг эх сурвалж хэлэв.
Хүүхдийн хоол хүнсний зохисгүй хэрэглээ, тос, давс, чихрийн өндөр агууламжтай, эрүүл бус, чанаргүй бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний 11 төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны зургаадугаар сард баталсан байдаг. Уг тушаалыг аймаг, нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хэрэгжүүлж, холбогдох байгууллагынхныг арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангахыг тусгасан аж. Энэ хүү тушаалыг хэрхэн хэрэгжүүлж буйг тодруулахаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдэд хандлаа. Гэтэл “Үүнийг манайх хариуцдаггүй. Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийнхэн мэдэх ёстой” гэсэн хариулт өгсөн юм. Улмаар Боловсролын ерөнхий газрын 70140069 дугаарын утас руу нэлээд хэдэн өдөр, ажлын цагуудад дараалан залгасан боловч огт аваагүй. Ингээд Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэнтэй холбогдтол “Энэ асуудлыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс хариуцдаг” гэж тайлбарлав. Товчхондоо тушаалыг хэрэгжүүлдэг, хянадаг байгууллага олдсонгүй. Дээрх байдлаар нэг нэгэн рүүгээ “чихсээр” байв. Эцэст нь уг тушаалыг анх гаргасан Эрүүл мэндийн яаманд хамаг “хэрэг”-ийг тохсон юм.
Тус яамны Хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г.Цолмонбаяраас сургуулийн ойр орчимд байрладаг худалдааны газруудад хэн хяналт тавьдгийг лавлахад “Сайдын тушаалаар сургууль, түүний эргэн тойрны 150 метр хүртэлх байрлалд худалдаалж болохгүй бүтээгдэхүүний жагсаалт гаргасан. Үүний дагуу шалгалт явуулахаар борлуулагчид “Бид хориглосон бүтээгдэхүүнийг томчуудад худалддаг. Хүүхдүүдэд зардаггүй” гэж тайлбарладаг. Хамгийн сүүлд “Ковид”-ын үеэр 2021 онд сургуулийн ойр орчимд болон дотоод орчинд хийсэн шалгалтын дүн бий. Шалгахад ч, хэрэгжүүлэхэд ч хүндрэлтэй тушаал. Ирэх жил буюу 2024 онд уг жагсаалтын дагуу шалгалт хийхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд жагсаалтыг засаж сайжруулах, шинэчлэх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлнэ” гэв. Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газарт яг энэ асуудлаар хандахад Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга нь “Манай чиг үүрэгтэй хамааралгүй. Сургуулийн ойролцоох аж ахуйн нэгжийг Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан хариуцна.
Учир нь бид хүүхдийн байгууллагын дотоод орчинд л хяналт тавих чиг үүрэгтэй” гэсэн юм. Ийнхүү мэдээлснийх нь дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн дарга Ц.Цэрмаатай холбогдлоо. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар хүнсний хяналтыг хоёр байгууллагад хуваан хариуцуулсан. Худалдаа хийж буй аж ахуйн нэгж, байгууллагын хүнсний чанар, стандартыг манайх, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хянах ёстой. Бид хамтарч шалгалт хийх ёстой юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг худалдааны газар 4000 гаруй бий. Эдгээрийг манай 17 байцаагч нэг бүрчлэн шалгах боломжгүй. Гэхдээ чадлынхаа хэрээр ажиллаж байгаа.
Бид хадгалалтын хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдал хангахгүй бараа, бүтээгдэхүүнийг шалгах үүрэгтэй. Манайх урьдчилан сэргийлэх нэгдсэн шалгалтыг томоохон баяруудын өмнө хийдэг. Тогтмол шалгах тусам цэгцтэй байдаг. Харин одоо эмх замбараагүй болсон. Учир нь сүүлийн 2-3 жилд хянаж чадаагүй” гэлээ. Тус байгууллагынхны мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд 530 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг гэнэ. Үүний дотор хүнсний дэлгүүр 340, түргэн үйлчилгээний цэг 190 бий аж. Эрүүл мэндийн сайдын 370 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас 2021 онд шалгалт хийжээ. Тухайн үед ерөнхий боловсролын 166 сургуулийн ойр орчимд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 271 аж ахуйн нэгж, иргэнийг шалгалтад хамруулсан байна. Энэ үеэр 192 зөрчил илрүүлж, 127-г нь арилгуулсан гэж мэдээлсэн. Ихэвчлэн хугацаа нь дууссан, зориулалтын бусаар хадгалсан бүтээгдэхүүн борлуулсан гэх зөрчил илрүүлжээ.
Эрүүл мэндийн сайдын баталсан, хориглосон бүтээгдэхүүний жагсаалтад хийжүүлсэн болон энергийн бүх төрлийн ундаа, бэлэн гоймон, чипс, найруулдаг сироп, өндөг, чихэр, давс, өөх тосны агууламжтай хүнсний бүтээгдэхүүн зэргийг багтаасан. Уг тушаал гарснаас хойш нийслэлийн хэмжээнд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүйг наад захын дэлгүүрээс л хүүхдүүд чипс, ундаа бариад гарч буйгаас харж болно. Эдгээрийг худалдаж болохгүйг мэдсээр байж борлуулсаар байгааг сүүлдээ хэн ч анхаардаггүй болчихож. Хүүхдүүд юу дуртайгаа, бас мөнгөндөө тааруулаад таарсан бүтээгдэхүүнээ авч иддэг. Худалдаачид нь орлогоо бодоод гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулсаар байна. Шийдвэр гаргагчид гаргасан бодлого шийдвэрээ мартчихдагньэнэбайдлаасилтхарагдана. Мөн холбогдох байгууллагууд нь уялдаж ажиллаж огт чаддаггүй, харин асуудлыг өөрсдөөсөө аль болох л зайлуулж, нэг нэгэн рүүгээ түлхдэгийг ганцхан энэ жишээгээр нотолж болно.