УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёр дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон баталлаа. Дээрх нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчдын үндсэн эрх, нийгмийн болон хөдөлмөрлөх эрхийг хангах эрх зүйн орчин улам боловсронгүй болж, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын 2016 оны нэмэлт өөрчлөлтөөр далайчдын хөдөлмөрийн таатай нөхцөл бүхий орчинд ажиллах эрхийг баталгаажуулан хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтын эсрэг зохицуулалтыг оруулжээ. Харин 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог конвенцод шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн.