Гацуурын гэрлэн чимэглэлээс болж бага насны хүүхдүүд эрсдэлд орсон талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. “Нэг айлаас утаа гараад байна” гэсэн дуудлагыг иргэд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид өнгөрсөн бямба гаргийн 17.14 цагт ирүүлжээ. Аврах бүрэлдэхүүн дуудлагын дагуу Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах тус айлд очиход гацуур мод болон ойр орчмынх нь эд хогшил шатсан, байшин нь утаа угаараар дүүрсэн байжээ. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд харгалзах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.