Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоо” чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн "2022 оны мэдээллээр гепатит В вирусийн халдварын өвчлөлийн 90 гаруй хувь нь 19-45 насныханд бүртгэгдсэн. Гепатит А-гийн хувьд залуучууд, бага насны хүүхдүүд, гепатит D-гээр ахимаг насныхан түлхүү өвдөж байна. Гепатитийн халдвараас А, В, С вирус манай улсад түгээмэл бүртгэгддэг. Одоо ковидын өмнөх түвшинд бүртгэгдээд явж байна" гэлээ.
Гепатит В-гийн вакцины хамгаалах хугацааг 15-20 жил гэж үздэг. Зарим хүнд вакцины хамгаалах чадвар буурч байгаатай холбоотойгоор эргээд халдвар авч буй тохиолдол бий. 1993 оноос хойш төрсөн хүмүүс гепатит В-гийн вакцинд хамрагдаагүй бол хамрагдах боломжууд бүрэн нээлттэй. Тус вакцин нь гурван удаагийн тун хийгддэг байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 100 000 хүн тутмын 8.5 орчим хувь нь В вирусийн халдвартай. В вирустэй хүмүүсийн 60 хувь нь D вирусийн халдвар хавсарчээ. В вирустэй эмэгтэй жирэмсэн болсон тохиолдолд дотрын болон эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад заавал орно. В вирусээ тоолуулахаар идэвхжилтээс нь шалтгаалан эмч хэд дэх долоо хоногтойгоос идэвхжил бууруулах эм уухыг нь зөвлөдөг. Эмээ уусан тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой. Нярайд төрөх үед болон төрсний дараа В-гийн вакцин хийнэ. Эхийн хувьд эмчийн хяналтад үргэлжлүүлэн явах учиртай.