Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг сонсов.
Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураахад бүгд дэмжигдлээ.
Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Чихэрлэг болон хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар оногдуулахыг Байнгын хороо дэмжжээ. Ийн хэлэлцүүлэг үргэлжилж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтойг онцолж, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгааг дурдан хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж байгаагаа илэрхийлээд үйлдвэрлэгчид эмзэг хандах хэрэггүй, бүтээгдэхүүнийхээ агууламж дахь чихэрлэгийн хэмжээг багасгахад асуудал үүсэхгүй гэсэн юм. Шүд цооролт, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж буй хэрэг хэмээн үзэж дэмжиж өгөөрэй хэмээн гишүүдэд уриалав.
Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, үүнээс улбаалан илүүдэл жинтэй хүн олширсон. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй. Уг хуулийн төслийг дэмжиж байна, та бүхэн бас дэмжихийг хүсье гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, энэ хуулийн төсөл хугацаа алдаж байгаа, долоон жилийн өмнө яригдаж байсан ч босго давж чадаагүйг сануулаад хүнсний аюулгүй байдлаас хамаарсан өвчлөл нэмэгдсэн энэ цаг үед ач холбогдолтой төсөл тул дэмжих хэрэгтэй гэсэн юм.
Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг Төсвийн байнгын хороонд даалгав.