Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо өнгөрсөн сарынхаас 30-50 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь шинэ жил ойртож, байгууллага, аж ахуйн нэгжүүд баяраа тэмдэглэх болсонтой холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн осол гэмтэл ихэсжээ. ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Манай төвөөс өдөрт дунджаар 450-500 хүн яаралтай тусламж авдаг. Үүнээс 20 орчим хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Энэ сард манайхаас тусламж авч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Баяр ёслолын үеэр яаралтай тусламжийн эмч нарын ачаалал нэмэгдэхээс гадна амь насны заалтаар мэс засал хийлгэх өвчтөн олширдог. Баяраа дурсамжтайгаар өнгөрөөх ёстой байтал эсрэгээрээ амиа алдах, гэмтэх тохиолдол ихсээд байна. Тиймээс архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалъя” гэлээ.
Бэлтгэсэн: А.Үүлэн