Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр нүүрсний сонсголын хоёр дахь шатыг зохион байгуулах бөгөөд “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолыг баталжээ.
Тус тогтоолын хавсралтад сонсголд дуудах нийт 268 гэрчийн нэр, албан тушаалыг баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлэв. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм. Дээрх нэрс дотор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн нэр бий. Иймд Хянан шалгах түр хорооноос Б.Ганхуягийг сонсголд оролцуулах боломжоор хангаж өгөх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.