Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ, улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа; хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, хууль сахиулах, боловсрол, соёлын хамтын ажиллагаа зэрэг сэдэвчилсэн гурван хуралдааныг зохион байгууллаа. Хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтад өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэж, энэхүү яриа хэлэлцээний механизм нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Ээлжит зөвлөлдөх уулзалт, стратегийн яриа хэлэлцээг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.