Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, "өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын талаас Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч компани мэдээлэл ирүүлсэн. ОХУ-д арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 105МВт-аас дээш өгч чадахгүй болсон талаараа мэдэгдлээ. Өмнө нь 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан юм. Үүндээ гурван үндсэн шалтгаан дурдсан байна. Хамгийн том шалтгаан нь хоёр том цахилгаан станцад нь гэмтэл гарчээ. Нэгнийх үйл ажиллагаа зогссон бөгөөд хэзээ буцаж ажиллахыг мэдэгдээгүй байна" гэлээ.