ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхим хамтран хийсэн “Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ” бодлогын судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав. Үүний хүрээнд хууль тогтоох байгууллага буюу УИХ төлөөллийн чиг үүргээ хэр хэрэгжүүлснийг Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Г.Туяагэрэл, багш Д.Уртнасан нар үнэлжээ. Ингэхдээ одоогийн УИХ-ын гишүүдийн парламентын дотор ба гадна гүйцэтгэх чиг үүрэгт дүн шинжилгээ хийсэн байна.
Төрийн ордонд хуралдаа суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэхгүй атлаа тойрогтоо очоод татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тавилга, хогшил гардуулан, тууз хайчилж, одон, медаль тарааж явдаг нь харагдаж байна.
Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн нэрийн өмнөөс сонгогдож, тэдний эрх ашгийг тэргүүндээ тавьж ажиллах үүргээ хэр биелүүлэв гэдэгт “дүн” тавьсан хэрэг.
Олигтой юм дуулсангүй. Цаашлаад ирэх сонгуулиар илүү олон хүнийг сонгож, парламентаа 126 гишүүнтэйгээр байгуулаад ч ард түмний төлөөлөл хангагдах, эсэхэд эргэлзэв. Эрх баригчид энэ онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Куб язгуурын арга”-ыг баримтлан УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар тооцсон. Гэтэл УИХ-ын бүх гишүүний парламентын гадна болон дотор ажилласан цаг нь ижил байгаа тохиолдолд энэ онол бодитой хэрэгжиж, төлөөллийн чиг үүргээ бүрэн биелүүллээ гэж үздэг аж. Харамсалтай нь, өнөөгийн 76 гишүүн Төрийн ордны дотор ч, гадна ч энэ үүргээ туйлын хангалтгүй биелүүлж буйг ньолон баримтад тулгуурласан шинжилгээнээс харагдаж байна.
БҮРЭН ИРЦТЭЙ ХУРАЛДААН АЛГА
Юуны түрүүнд чуулганы нэгдсэн хуралдааны бараг хоёр жилийн ирцийн (2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 1) мэдээлэлд анализ хийжээ. Энэ хугацаанд болсон 108 хуралдаанаас гишүүдийн 2.6 хувь нь 59-өөс цөөн, 1.3 хувь нь 60-69, 17.1 хувь нь 70-79, 42.1 хувь нь 80-89, 30.3 хувь нь 90-99, 6.6 хувь нь 100-106-д нь суусан байна. Бүрэн ирцтэй хуралдсан нь нэг ч үгүй бөгөөд талд нь ч суугаагүй гишүүн хоёр байна гэсэн үг. Ер нь гишүүд ажилдаа ирэхгүй, хуралдаа оролцдоггүй нь эл судалгаанаас үл хамааран ил болчихсон, бид ч үүнд дасчихаж. УИХ бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан. Байнгын, түр, дэд хороодын хуралдаанд оролцвол зохих гишүүдийн ирц ч ихэвчлэн 52-70 хувьтай байгааг тус судалгаанд дурджээ. Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн талаас илүү нь ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж буй. Ийм тохиолдолд тухайн байнгын хорооны дөрөвний нэгийнх нь саналаар хэлэлцэж буй төслийг дэмжих, эсэхийг тодорхойлж байна гэсэн үг.
Тэгвэл хуралдаа суудаггүй гишүүд хаагуур, юу хийж явдаг вэ. Хамгийн их буюу 31.7 хувь нь хоцорсон, 20.2 хувь нь чөлөөтэй, 14.7 хувь нь гадаадад, 13.8 хувь нь орон нутагт томилолттой, эмнэлгийн чөлөө болон тасалсан нь тус бүр 9.8 хувь байна. УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж буйг нь иргэд, сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсон, хууль тогтоомждоо тусгахын сацуу баталсан шийдвэрээ тэдэнд танилцуулж байгаа талаас нь харвал төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэр гэж хэлж болох юм. Судлаачид 61 гишүүний цахим эх сурвалж дахь орон нутаг, тойрогтоо ажилласан талаарх мэдээлэл, тоон баримтыг шинжлэхэд 13.9 хувь нь төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, саналыг нь сонсох, 10.8 хувь нь эд хогшил, тоног төхөөрөмж гардуулах, 10.3 хувь нь бүтээн байгуулалтын ажилтай танилцах, 9.9 хувь нь төрийн шагнал, одон, медаль гардуулах, 8.6 хувь нь орон нутгийн төлөөлөгчидтэй уулзан, дурсгалын зураг авхуулах ажил эзэлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд хуралдаа суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэхгүй атлаа тойрогтоо очоод татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тавилга, хогшил гардуулан, тууз хайчилж, одон, медаль тарааж явдаг нь харагдаж байна.
Харин анх удаа болон хоёр дахиа сонгогдсон “шинэков”-ууд тойрог руугаа ойр ойрхон очиж, дээрх маягаар сонгогчдод танигдаж, таалагдах гэсэн хандлага гаргаж буй бол гурваас олон удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс хуулийн төсөл санаачлах, ажлын хэсэг ахлах зэргээр парламентын дотоод чиг үүрэгт илүүтэй төвлөрч буй нь анзаарагджээ. Цаашлаад тойрогтоо ажиллаж, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, саналыг нь сонссон гэх боловч иргэдийн өргөдөл, гомдлын тоон үзүүлэлт, хэрхэн шийдвэрлэсэн, төрийн бодлого, шийдвэрт ямар байдлаар тусгасан талаарх мэдээлэл УИХ-ын Тамгын газарт ч, гишүүдэд ч огт алга байгааг судлаачид дурджээ. Үнэндээ ирцийн мэдээлэл ч бүрэн бус, тухай бүрд нь нийтэлдэггүйг тэмдэглэсэн байгаа юм.
Уг нь иргэд хууль тогтоомжид саналаа тусгах нь тэдний төлөөлөл хангагдаж байгаагийн илрэл. УИХ албан ёсны цахим эх сурвалж (d.parliament.mn вэб сайт болон аппликэйшн)-аар дамжуулан хууль, тогтоолын төсөлд санал авч байгаа гэх ч хийсэн ажлаа үнэлж, дүгнэх хэмжүүр байхгүй, мэдээллийг нь шинэчилдэггүйг хэллээ.
СОНГОГЧ БУРУУГҮЙ
Дээрх багийн хийсэн ажлын нэг хэсэг нь төрийн институцийн талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа. Улсын хэмжээнд явуулсан эл судалгаанаас аанай л төрийн болон улс төрийн институцэд итгэх итгэл маш их буурсан дүн гарчээ. Тэр тусмаа УИХ, гишүүдтэй нь холбоотой асуулгад оролцогчдын 24.6 хувь нь тэд ард түмний биш, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн УИХ хууль тогтоох үйл ажиллагаагаа шударгаар явуулдаг гэдэгтэй гурван хувь нь л санал нийлсэн аж. Түүнчлэн парламентын гишүүд авлигатай холбоотой гэдэгт итгэж буйгаа 37 хувь нь илэрхийлжээ. “Сант марал” сангаасхамгийнсүүлдтанилцуулсан“Улс төрийн барометр” судалгаагаар ч ийм дүн гарч байв. Тус сангийн захирал Л.Сумати энэ тухай “Сүүлийн бүх судалгаанаас улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл эрс буурсан дүр төрх ажиглагдаж байна. Уг нь онолын хувьд энэ үзүүлэлт бол гол хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл, тогтолцоо нь ямар түвшинд байгааг үүгээр илэрхийлдэг. Итгэл нь гайгүй бол улс төрийн тогтолцоо нь хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Харин итгэл байхгүй бол миний хэлээд байгаачлан институц, баганууд нь ажиллахгүй, анхаарах шаардлагатайг сануулаад байгаа юм” хэмээснийг сануулъя.
Гэхдээ иргэд, сонгогчдын улс төрийн боловсрол тааруу учраас ийм хүмүүс сонгож, саналаа худалдаж байна гэх улиг болсон шалтгаан нэрлэхээс судлаачид татгалзав. Өөрөөр хэлбэл, манай нийгэм бүхэлдээ намаас хэт хамааралтай болсон гэж тэд онцолж, анхааруулсан юм. Тодруулбал, хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтэд хамгийн их нөлөөтэй гэж үзсэн найман хүчин зүйлээс “намын төлөвшилтэй холбоотой үүссэн улс төрийн нөхцөл байдал” илүүтэй анхаарал татаж байгааг хэллээ. Намын хүний нөөцийн бодлого алдагдаж, сонгон шалгаруулалт нь албан бус байдлаар хийгдэх болсон нь улс төрийн зүтгэлтэн, парламентын гишүүн гэх хэв шинжийг өөрчилж буйг хэлж байна. Улмаар сонгогчид намыг үйл хайхарч, магадгүй үзэн ядаж, улс төрчийн буюу тухайн нэр дэвшигчийн хувь хүний шинж чанар, алдаа, оноог нь дэнслэхээс өөр сонголтгүй хоцрох нь. Уг нь бидний бүтээх гээд байгаа нийгэм, сонгосон ардчиллаас улс төрийн намыг салгах аргагүй юм сан.