Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонслоо. Засгийн газраас 2021, 2022 онд жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга танилцуулсан. Одоогоор манай улсад энэ чиглэлээр үндэсний хэмжээний хоёр хөтөлбөр, нэг стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж буй гэнэ. Төлөвлөгөө, олон улсын индексийн үзүүлэлтээр бол “боломжийн” үнэлгээ авч буй ч бодит байдал дээр салбар бүр дэх жендерийн зөрүүтэй байдал арилаагүй байгаа аж. Цаашид Засгийн газраас хүйсээр ангилсан мэдээлэл, статистикийн хэрэглээг нэмэгдүүлж, боловсронгуй болгох, хөгжлийн бодлого төлөвлөх, хөрөнгө нөөц хуваарилахтай холбоотой хууль тогтоомжийг жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгод нийцүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Түүний танилцуулгын дараа гишүүд асуулт тавьсан юм.
Хөдөлмөрийн зах зээлд 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021, 2022 онд хамрагдсан иргэдийн 55-аас дээш хувь нь бүсгүйчүүд байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээлсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байгааг дурджээ.
Засгийн газраас жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг БШУЯ, ХНХЯ-нд туршсан, тодорхой үр дүн гарч буй гэнэ. Тухайлбал, БШУЯ-наас 2022 онд хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичигт үнэлгээ хийлгэн, агуулга дахь жендерийн болон хүний эрхийн үзүүлэлтийг шалгасны дагуу өөрчлөлт хийж эхэлсэн байна. Сүүлийн хоёр жилд аймаг, нийслэлийн 853 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчилж буй, үүнээс 250-ийгнь ашиглалтад оруулсан гэнэ.
Гишүүн С.Одонтуяа “2000 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 60.9 хувь байсан бол одоо 49 болж буурсан байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар яамд, салбар тааруу ажиллажээ” гээд боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүйсийн харьцааг оновчтой болгох чиглэлээр Засгийн газар юу хийж байгааг асуув. Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр “Нийт яам, нийслэл, 21 аймаг, есөн дүүргээс Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг авч, 41 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. 16 яамыг эдгээр шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд ХЗДХЯ, БХБЯ, ХНХЯ, ГХЯ 50-иас дээш хувийн хэрэгжилттэй, бусад нь 50-иас доошоо буюу хэрэгжих шатандаа яваа гэсэн үнэлгээтэй гарсан” гэсэн байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр “АШУИС-д элсэгчдийн дотор эрэгтэй хүүхдүүдийн квот тогтоох, босго оноог бууруулахаар ажиллаж буй ч хуулийн зохицуулалтын хувьд боломжгүй байна” гэжээ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, их, дээд сургуульд 1.1 сая гаруй хүүхэд суралцаж буйн 49.4 хувь нь эрэгтэй бөгөөд түвшин ахих тусам хүйсийн харьцаа алдагдах хандлагатай байгааг хэлсэн юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь архины хэрэглээ, хүн хоорондын хүчирхийлэл, осол гэмтлээс болж буйг ЭМЯ-наас мэдээлсэн байна.