Улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 5.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж. Энэ төрлийн өвчний тархалт идэвхжих түвшинд байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлсэн. Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймагт тархалтын түвшин улсын дунджаас өндөр байгаа аж. Томуугийн улирлын оргил үе нь энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэл үргэлжилж, өвчний тархалт ихсэх магадлалтай тул иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг ЭМЯ-наас анхаарууллаа.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 22 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн аж. Өчигдрийн байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэднээс 70 нь эрчимт эмчилгээ хийлгэж буй гэнэ. Томуугаар нярай хүүхдүүд олноор өвчилж, улмаар хатгалгаа авч, биеийн байдал нь хүндрэх болсныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулсан. Хүүхдүүд өндөр халуурах, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг тус төвийнхөн зөвлөсөн юм.
Бэлтгэсэн: М.Оч