Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Б.Бядран:Олон улсын жишигт нийцсэн, чамбай сайн хууль баталлаа гэж шинэ Үндсэн хуулиараа бахархаж явдаг
Юуны өмнө ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан хамтран зүтгэж түүхэн гавъяа бүтээлцсэн АИХ-ын депутатууд, эрдэмтэн мэргэд, ард иргэдэд талархал илэрхийлье. Энэхүү түүхэн баримт бичиг боловсруулж батлах үйл ажиллагаа амаргүй хүнд нөхцөл байдалд явагдсан шүү. Нударга зөрүүлэх гахаж, хэрэлдэж маргалдах нь жирийн үзэгдэл байлаа. Хурлын танхим доторхоос гадна талд түгшүүртэй байсан үе. Хурал тараад буудал хүрэх зам дагуу орилж хашгирсан, харааж зүхсэн хүмүүстэй их л учирдаг байлаа. Олон хоног их ачаалалтай байснаас болж олон хүн өвдөж эмнэлэгт хэвтсэн, хуралдаж байх үед суудал дээрээ амь насаа алдсан удаа ч бий.
Ардчилал шинэ нийгмийн байгуулалтын талаар ихэнх депутатууд бүрхэг ойлголттой, төсөөлөл төдий байсан болохоор асуудалд тун ул суурьтай, хянуур хандах нь нэн чухал байсан. Үндсэн хуулийн төсөл боловсруулж АИХ-д өргөн барьсан Улсын Бага Хурал, ажлын хэсгийн хамт олон нэлээд чамбай сайн ажилласан болох нь хурлын явцад мэдрэгдэж байлаа. Шинэлэг сэтгэлгээтэй залуу депутатуудын оюун ухаанд бишрэхийн хамт олон оймс элээж, амьдралын туршлага хуримтлуулж хат суусан ахмад депутатуудын оновчтой бөгөөд даацтай үгсийг сонсоод бахархаж байсан хүний нэг бол миний бие билээ.
Монгол Улсад ахмад, залуу үеийн холбоо улам нягтарч зөвхөн улс төрд ч биш нийгмийн бүх л салбарт хөгжин нягтарч бие биедээ тус дэм болж байгаасай гэж бодох юм. Үндсэн хууль хэлэлцэх явцад залуучуудаас Р.Гончигдорж, С.Баяр, О.Дашбалбар, М.Энхсайхан, С.Цог, ахмадуудаас Б.Чимид, Ү.Аварзэд, Д.Содном, Ч.Хурц нарын зэрэг олон хүмүүс чухал үүрэг гүйцэтгэсэн дээ. Хуулийн бүх зүйл, анги, заалтууд ардчиллын дагуу олонхын саналаар батлагдсан ч зарим нэг заалттай санал нийлээгүй депутатууд байлгүй яах вэ. Надад ч гэсэн санал зөрүүтэй асуудлууд цөөнгүй байсан. Миний бие бусдын адил олон улсын жишигт нийцсэн, чамбай сайн хууль баталлаа гэж шинэ Үндсэн хуулиараа бахархаж явдаг. Аль нэгэн нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг, санаа бодолд нийцүүлэн өөрчлөх, засах гэсэн хандлагыг миний хувьд болчимгүй үйлдэл гэж үздэг. Хэрэв өөрчлөн сайжруулах шаардлага гарч нөхцөл нь бүрдсэн тохиолдолд нийт ард иргэдээр хэлэлцүүлж санал авах, амьд сэрүүн байгаа Үндсэн хууль баталсан депутатуудаар зориуд хэлэлцүүлэн саналыг авах нь нэн чухал болно. Миний бие Архангай аймгаас сонгогдсон АИХ-ын депутатуудын ахлагчаар ажиллаж байсан болохоор бусдаасаа арай илүү ачаалалтай байсан. Тухайн өдрийн болон дараа өдрийн хэлэлцэх асуудлын талаар хуралдааны бус цагаар нам, бүлгүүдийн байр суурь, баримтлах бодлогын талаар мэдээлэл авч аймгаас ирсэн депутатууддаа мэдээлэл өгч саналаа нэгтгэх, харилцан ойлголцоход чамгүй цаг зарцуулж байлаа. Манай аймгаас сонгогдсон 19 депутатын зургаа нь ертөнцийн мөнх бусыг үзэж, 20 жилийнхээ ойд хамт ирж чадаагүй дээ сэтгэл дундуур байна даа.
Монголын онцлог, төрт ёсны түүхэн уламжлал, хөгжлийн түвшин, дэлхийн өндөр хөгжил бүхий улс орнуудын ерөнхийлөгчийн засаглалын давуу талыг бодолцон манай улсад ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой гэдэг миний хувийн бодол одоо ч хэвээрээ байна. Олны олон таван цэн гэгчээр депутатуудын дийлэнх олонх нь ерөнхийлөгчийн засаглалтай болох санал гаргасан л даа. Гэхдээ харилцан буулт хийх, зөвшилцөх үндсэн дээр парламентын засаглалтай байхаар шийдвэрлэсэн юм. Улсын Бага Хурал болон төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн ч төслөө хамгаалсан байж болох юм. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гээд хууль тогтоох дээд байгууллага, парламент үйл ажиллагаагаа явуулж л таарна. Харин эрх мэдлийн хувиарлалтад томоохон өөрчлөлт орох байх. Байдлаас ажиглахад одоогийн УИХ нь Засгийн газарч юм шиг, шүүхийн байгууллага ч юм шиг, хэрүүл маргааны газар ч юм шиг олон нийтэд нэг л сайн ойлгохгүй байх шиг санагдах юм. Гишүүдийн хувийн зан чанар, ашиг сонирхол, чадвартай ч холбоотой байж болох юм л даа. Бас УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн, яамны сайд байгаа нь тун тохиромжгүй гэж олон хүн шүүмжилж байгаа нь нэгийг хэлээд байх шиг.
Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар тун дэлгэрэнгүй заасан атал иргэний үүргийг маш товч тунхаг төдий тусгасан шүү дээ. Одоо хүний эрх, эрх чөлөө гэж амтай бүгд нь хашгирдаг болжээ. Эрх нь хэтэрч, үүргээ биелүүлдэггүйгээс сахилга хариуцлага суларч, эмх замбраагүй байдал газар авч улс оронд нөхөгдөшгүй хохирол учруулж байна. Үүний гол шалтгаан иргэд үүргээ саин мэдэхгүй, үүргээ биелүүлдэггүйд байгаа юм. Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг хуулийн тогтолцоог нэн даруй буй болгох шаардлагатай гэж үзэж байна. Аймгуудын төв буюу орон нутгийн хотын статусыг Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх шаардлага гарч байх шиг санагддаг. Хөдөөгийн 3-4 мянган хүнтэй, 250-350 мян-га нутаг бэлчээртэй сумыг аймгийн төвийн 20 мянган хүнтэй, бэлчээр нутаггүй хоттой яаж сум гэж адилтгах вэ дээ.
Аймгийн төвийн сумдууд нийтийн эзэмлшийн зам талбай бүхий 10 орчим га нутаг дэвсгэртэй, олон арван малтай иргэд нь бусад сумын нутагт газар нутгийн маргаан дунд хөөгдөж туугдан хүндхэн нөхцөлд байгаа шүү дээ.
Сонгууль тойрсон маргаан нийгмийн бүх хүрээнд өрнөсөөр байгаа. Бүх бурууг сонгуулийн хууль руу түлхэх юм. Будлианы гол шалтгаан нь нэр дэвшигчдийн ёс зүй, ашиг сонирхолд байгаа юм биш үү гэсэн хардлага давамгайлах боллоо. Нэр дэвшигчдийн дийлэнх нь хоосон амлалт, эд мөнгө тараах, өрсөлдөгч нараа гүжирдэн доромжлох зэрэг бузар арга хэрэглэн, ар талд нь тухайн намууд нь өөгшүүлэн дэмжиж байгаад гол учир нь байх шиг. УИХ-д сонгогдсоны дараа өндөр эрх мэдлээ ашиглаж хувийнхаа ашиг сонирхол, байр сууриа бэхжүүлэх зорилгоо биелүүлэх гэж улайран зүтгэж байгаад нь нийт иргэд, сонгогчид дургүйцэж байгаа билээ. Үндсэн хуульд иргэн хүн эрх барих төрийн дээд байгууллагадаа төлөөллөө нийтээрээ шууд сонгоно гэж тов тодорхой заасан.
Гэтэл намууд (квотоор) нэрийн жагсаалт өөрсдөө гаргаад сонгогчдын оролцоогүйгээр 28 депутат УИХ-д суулгахаар хууль санаачилж байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж буй том алдаа мөн. Төрд цэвэр ариун, мэддэг чадвартай, эх орон ард түмнээ гэсэн үнэн сэтгэлтэй түшээд хэрэгтэй. Ийм тохиолдолд хүн бүр төрөө дээдлэн хүндэлж, хуулиа хэрэгжүүлдэг болно гэж бодож байна.
Энэтхэг зэрэг орны ядуучуудыг нүдээр хараад манай оронд ядуучууд байхгүй юм байна. Харин тэдний дэргэд “баячууд” гэж хэлж болохоор юм билээ. Ийм сайхан газар нутаг, ус, агаар, хөрс шороо байхад яаж ч гуйлгачин, ядуучууд, ажилгүйчүүд байх билээ. Гагцхүү эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ардынхаа сургаалыг санаж хүн бүр чармайн зүтгэж бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижирч, ажил хөдөлмөр хийвэл сайхан амьдрах нөхцөл бололцоо монгол оронд бэлхнээ байна гэж хэлмээр санагдлаа. Сайн үйлс дэлгэрч, Монгол орон хөгжин бадрах болтугай!
А.Болат:Парламентаа хоёр танхимтай болгож, бага танхимын бүрэлдэхүүнийг цөөлөх, бүх шатны Засаг дарга нар болон анхан шатны шүүхийн шүүгчдийг сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгох зэрэг саналууд маань дэмжигдээгүйд одоо хэр нь харамсаж явдгаа нуух юун
Шинэ Үндсэн хууль-Монгол орны улс төрийн тогтвортой байдлын баталгаа болсон. 1990-ээд он бол манай улсын түүхэнд эргэлтийн он жилүүд байсан нь ойлгомжтой. Дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагын дагуу хуучин нийгмийн тогтолцооны үүд хаалгыг шинэ үеийнхэн тогшиж эхэлсэн цаг. Аль ч цаг үед нийгмийн өмнө тулгарсан эргэлтийн чанартай үйл явцыг тухайн нийгмийн оюунлаг хэсэг олж хардгийн жишгээр, манайд ч ялгаагүй тэр үед үүсэж буй болсон улс төрийн хүчнүүдийг нийгмийн тийм хэсэг санаачилсан нь эргэлзээгүй.
Тухайн үед бидэнд эргэлзээ төрүүлж байсан боловч улс төрийн шинэ хүчнүүдийн шаардлагаар, төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо ухамсраараа байр сууриа тавьж өгдөг нь ч зөв байжээ гэдэг нь үе улирах тусам тодорхой болсоор байна. Тэр үед дэлхийн хаана ч төрийн эрх барьж байсан улс төрийн намууд төр барихаас татгалзаж, бүх эрх мэдэл сонгуулиар эрх авсан төрийн зохих шатны байгууллагад шилжиж эхэлсэн нь жам ёсны сонголт байжээ. Үүний дээр нам, төрийн удирдлагад олон жил байхдаа цаг цагийн амаргүй шалгууруудаар шигшигдсэн тухайн үеийн нийгмийн шилдэг тэргүүний хүмүүс өөрсдөө ч он удаан жил эрхэлсэн ажил албаа дараа үеийнхэндээ тавьж өгөхийг зүй ёсоор ухамсарласан хэрэг байв.
Тухайн үед бид орон нутагт байсан улс. “Уулын оройн чулуу өнхрөхөөрөө хормойныхыг хамаад явдаг” гэж манайд нэг үг байдагсан. Түүний адилаар 1990 оны хавраас намын Улс төрийн товчоо огцорсны давалгаа хөдөө руугаа шилжиж, эх орны өнцөг бүрээс огцролтын дуу чимээ дуулдаж эхэлж билээ. Нэгэнт “галт тэрэг хөдөлсөн” бол ямар ч хүчээр зогсоож болдоггүйтэй адил, халагдаж солигдохын “кампани” газар авсан болохоор орон нутаг дээр ч сонголт хийх шаардлага олонх хүмүүсийн өмнө тулгарч байлаа. Угтаа “кампаничлах” нь, тэр болгон жам ёсны гольдролоор явна гэж яаж байхав. Одоо эргэн санахад “нутаг ус нь” юмуу “удам гарал” нь хүртэл таараагүйгээс огцрох шаардлага хүлээн авч байсан цөөнгүй тохиолдол дуулддагсан.
“Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хэрэгжүүлээд, адгийн хэсэг үр шимийг нь хүртдэг” гэдэг бил үү дээ? Түүний адилаар өөрчлөн байгуулалтын бялуунаас “үүлэн чөлөөний нарнаар” амжиж хүртэгсэд байсан гэвэл тийм хувь тавилан биднийг ч тойроогүй юм байна гэж одоо бодогддог. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед “Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулиар” БНМАУ-ын 12 дахь удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг өмнөх шигээ дан ганц улс төрийн нам бус, иргэд өөрсдөө ч эдлэх эрхээр хангагдсан нь бидэнд завшаантай хэрэг болсон юм.
Ийнхүү ээлжит бус сонгуулийн шийдвэр гарч, улс төрийн шинэ уур амьсгал бүрэлдэн буй болж билээ. “Эвэртэй туурайтай” бүхэн чармайж, ард олноосоо үнэлгээ авах аянд мордсонсон. Манайд л гэхэд сумын захиргааны ба нам, ХАА-н нэгдлийн дарга нар, хүний нэртэй их эмч нар, ХАА-н шилдэг мэрэгжилтнүүд гээд үндсэндээ 15 мандатын төлөө 50 гаруй хүн өрсөлдсөнийг санаж байна.
Нэр дэвшигчдийн олонх нь МАХН-ын гишүүд байсан боловч улс төрийн шинэ хүчнүүдээс ч цөөнгүй залуус сонгуульд өрсөлдсөний дотроос Арабын орнууд дахь элчин сайдын яамны ажилтан Х.Сайран, аймгийн ардчилсан холбооны Н.Самат, бас нэг холбооны тэргүүн гэгдэж байсан С.Харжаубай нар Өлгий хотын тойргоос мандат авч билээ. Харин хөдөө сумдын тойргоос сайд У.Маулет, ХАА-н Нэгдлийн Холбооны дээд зөвлөлийн орлогч дарга Б.Зарыкхан, аймгийн захиргааны дарга К.Мизамхан, сумын захиргааны дарга Н.Хүрлээ, хүний их эмч Х.Хузкей, Жүнис (хожим хүний гавъяат эмч), ХАА-н нэгдлийн дарга А.Сарай, О.Цэрэв, малын эмч Ж.Сейтмурат, худалдааны байгууллагын тэргүүний ажилтан С.Исхан, Алив (хожим худалдааны гавъяат ажилтан) нар сонгогдож, их эмч Х.Хузкей БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч даргын хүндэт суудалд сонгогдож билээ. 20 жил гэдэг бас л багагүй хугацаа ажээ. Өнөөдөр эдгээр журмын нөхдийн маань бараг тал нь бурхны оронд явсан байх юм.
Хэлэлцсэн асуудал болгон хийгээд ялангуяа Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх явцад депутатуудын үзэл бодол, байр суурь маш олон асуудлаар зөрүүтэй байсан болохоор, Ардын Их Хурлын хоёр удаагийн чуулганы хуралдаан хоёулаа тун халуухан уур амьсгал дунд өнгөрсөндөг. Цэцэн цэлмэг ухаантай, хурц хэлэмгий хэл яриатай шилдэг бүхэн нь цугларчээ дээ гэдэг ойлголтыг хөдөөний бид авч байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өнөө хэр парламентын тогоонд яваа Р.Гончигдорж, С.Баяр, Д.Лүндээжанцан, Д.Балдан-Очир, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Н.Жанцан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид, эрдэмтэн Х.3ардыхан, элчин сайд байсан Р.Хатанбаатар, О.Очиржав, хуульч Л.Цог, иргэн Д.Ламжав, намын дарга М.Энхсайхан зэрэг залуусын шилдэг дайчин чанарыг бишрэхээс ч аргагүй байлаа. Эдгээр нөхөд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлэн хэлэлцүүлэх, батлуулах хүртэлх бүх шатан дээр ачааны хүндийг үүрч явсныг мартахын аргагүй.
Миний бие Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаар Улсын Бага Хурлын 50 гишүүний нэгээр сонгогдсоны ачаар, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг анхны төслөөс нь эхлэн хэлэлцэхэд оролцох завшаан тохиолдсон юм. Учир нь анхны төсөл Улсын Бага Хурлын хуралдаанаар олон хоног хэлэлцэгдэж хайрцаглагдсаны дараа л Ардын Их Хурлын чуулганы хуралдаанд орж ирсэн түүхтэй.
Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэх ажил 76 хоног үргэлжилж, нэн халуун уур амьсгал дунд явагдсан нь ойлгомжтой. Том зодоон гараагүй ч гэсэн Монгол Улсын парламентын танхимд бие биенээ алгадсан анхны тохиолдлын гэрч болж байлаа. Хэрүүл маргааны явцад цөөнгүй хэлц үг буй болж байв. Жишээлбэл, хуулийн аль нэгэн заалтыг шүүн хэлэлцэх үед тайлбар өгсөн нөхөд “наадах чинь Бага хурлын санал байгаа юм” хэмээн тайлбар өгдгөөс “Бага хурлын санал гэдэг чинь унаж болдоггүй, ноёны бөх юм уу” гэх шиг, эсхүл хуулиа нь хэлэлцээд шувтрах тийшээ хандсан үед “Үхрийн сүүлэн дээр хутга” гэхчилэнгээр депутатууд цэцэн мэргэнээрээ бие биенээ гайхуулдаг байсан.
Хэлэлцүүлгийн явцад миний бие боломжийн хэрээр идэвхийлэн оролцож байсан боловч Үндсэн хуульд орж баталгаажсан санал маань хоёр гурваас хэтрээгүй билээ. Ялангуяа парламентаа хоёр танхимтай болгож, бага танхимын бүрэлдэхүүнийг цөөлөх, бүх шатны Засаг дарга нар болон анхан шатны шүүхийн шүүгчдийг сонгуулийн эрх бүхий иргэд шууд сонгох зэрэг саналууд маань дэмжигдээгүйд одоо хэр нь харамсаж явдгаа нуух юун.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он