УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд дизелийн түлш, авто бензин олгохгүй байгаатай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонсжээ. Хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн тус бүлгийн дэд дарга Н.Ганибал эрх баригчид үүнийг шийдвэрлэж чадахгүй, мухардчихаад байгааг шүүмжилж, “Шатахуун гэнэт ховордчихоогүй. Хоёр сарын өмнөөс л үүнийг ярьж эхэлсэн. Нийслэлд иргэд хонон, өнжин дугаарлаж байж бензин авч байгаа бол хөдөөд бүр хэцүүдлээ, дизелийн түлш огт олдохгүй байна.
Алдсан малынхаа араас явж чадахгүйд хүрсэн. Шатахууныг хязгаарлах замаар нийслэлийн утаа, түгжрэлийг бууруулах гэсэн юм биш биз дээ. Ингээд зогсохгүй иргэдээ хянаж шалган, шатахууныг дамлан худалдаалж байгаа, эсэхийг тогтооно гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ардын намынхан болохгүй бүхэнд АН-ыг буруутгадаг байсан бол одоо хоёр хөрш рүүгээ асуудлаа чихээд сууж байна. Эрх баригчид өөрсдөөсөө асуудлыг зайлуулж, бултуулахдаа сурмаг. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж үнэтэй үдэшлэгт оролцож байгаа нь өнөөгийн эрх баригчдын нийтлэг дүр төрх” гээд сайд болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав.
Харин УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулах, эсэх тухайд тэрбээр “Парламентад гурваас дээш удаа сонгогдсон гишүүд ийм зүйл яриад байгаа. Төслийг нь албан ёсоор танилцуулаагүй” хэмээсэн юм. Түүнчлэн өвөлжилт хүндэрч, зарим аймагт зуд нүүрлээд байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг мэдээлэл хийхийг хүссэн ч ирээгүй аж.