МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар санал солилцжээ. Мөн Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс, эх орны эрх ашгийг бодож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах шаардлагатай. Цаашлаад нутаг ус, мөнгөний хүчин зүйлийг багасгах ёстой. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар хуваах нь зүйтэй гэж бид үзэж байгаа ч төсөл болгон хараахан эцэслээгүй байна.
Одоогоор таван бүс бий. Нэг бүс 5-6 аймгийг хамаарч буй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 15 хоног үргэлжилнэ. Энэ бүхнийг харгалзан намуудын түвшинд сайтар ярилцах ёстой. Өнгөрсөн сонгуулиар 29 тойрог байгуулсан. Бүсчилсэн тохиолдолд тойргийн тоо цөөрнө. Хөдөө орон нутагт долоо, нийслэлд 4-5 тойрог байгуулж болох юм. Харин үндэстний цөөнх тул Баян-Өлгий аймгийг аль нэг бүсэд хамааруулалгүй, тусад нь мандат хуваарилах нь зүйтэй болов уу” гээд үүний дагуу судалж, улс төрийн бусад намтай зөвшилцөхийг МАН-ын удирдлагад чиглэл болгожээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоог тогтоож, сонгуулийн товыг зарлах ёстой.