“Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хоёрдугаар хуралдаан арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Хамтарсан удирдах хорооны хуралдаанаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулсан байна.
Үүнд:
- Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
- Ногоон, хүртээмжтэй өсөлтийг дэмжих,
- Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дэмжих гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар ярилцжээ.
Талууд ирэх 2024 онд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангахдаа Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 хурдасгууртай уялдуулах, бүх талын оролцоог хангах, илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай гэж Хамтарсан удирдах хорооны гишүүд үзэв.
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт талууд 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зуржээ. Хамтарсан удирдах хороо нь эл баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй ажиллаж байна.