УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг батлав. Ингэснээр манай улс ийм хуультай 35 дахь орон болж буй аж. Эл хуулиар гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн иргэд тэжээсэн амьтныхаа асран хамгаалагчийн хувиар үүрэг хүлээнэ. Тодруулбал, асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Түүнчлэн нохой, муурыг төрснөөс нь хойш 6-12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах ёстой.
Үүнээс гадна асран хамгаалагч, түр харагч нь олон нийтийн газар тэжээвэр амьтантайгаа зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах нь. Цаашлаад олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцын орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх үүрэгтэй. Бохирдуулсан тохиолдолд цэвэрлэж, ялгадсыг нь зориулалтын хогийн сав, цэгт хаяхаас гадна нохой, муурыг хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй, соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудад дагуулж явахгүй .