Ардчилсан намын ирээдүйн түүчээ болох залуучуудыг эгнээндээ нэгтгэдэг Ардчилсан залуучуудын холбоо 23 нас “хүрлээ”.
Одоогоос 23 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ардчилсан залуучуудын холбоог байгуулж, анхны ерөнхийлөгчөөр Г.Батхүү агсныг сонгож байжээ. Тэгвэл уг байгууллага тун удахгүй шинэ ерөнхийлөгчтэй болох нь. Эмэгтэйчүүдийн холбоо, Нийслэлийн АН-ын даргаа саяхан сонгосон Ардчилсан намынхан дараагийн томилгоогоо хийнэ гэсэн үг.
Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Х.Болор-Эрдэнэ энэ талаар “2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо ээлжит долоодугаар чуулганаа хийнэ.
Энэ удаагийн чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгож батламжилна. Тиймээс нэр дэвших хүсэл сонирхолтой ардчилсан намын 39 хүртэлх насны залуучуудыг энэ сарын 10-ныг хүртэл нээлттэй бүртгэж байна. Улмаар энэ сарын 10-18-ны өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж, бодлогын мэтгэлцээнүүдийг өрнүүлж, тэдний үзэл бодлыг олон нийт болон мандатын эрхтэй гишүүддээ хүргэнэ” хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэр дэвшигчид олон ч, ардаа Ардчилсан намын “луйхарууд”-ын гол дэмжлэгийг авсан М.Амгаланбаатар, Н.Болдбаатар, Б.Ган-Очир, П.Мөнхтулга нарын дунд гол тоглолт болох нь. Тухайлбал, М.Амгалабаатарыг намын дарга Лу.Гантөмөр, Н.Болдбаатарыг С.Эрдэнийн “Шонхор” франкаас зүтгүүлж буй. Харин Б.Ган-Очирыг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас “сойно” гэж жиг жуг гэлцэнэ. Үндсэндээ дээрх дурдсан багачуул биш одоогийн дарга Лу.Гантөмөр, тахимаа өгдөггүй экс дарга С.Эрдэнэ, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын өрсөлдөөн энэ удаад дахин явагдах нь ойлгомжтой. Ямартай ч дээрх гурван “луйхар”-ын хэн нь ялахыг энэ сарын 18-нд харах болох нь ээ.