Сүр дуулиантайгаар эхэлсэн “нүүрсний хулгай”-н сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өнөөдөр өндөрлөж байна.
Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 4-8-нд үргэлжилж ийнхүү өндөрлөж буй. Харин хоёр дахь үе шат энэ сарын 18-22-нд болно. Сонсголоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах юм.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 83 гэрч дууджээ. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр энэхүү сонсголд оролцох зайлшгүй шаардлагатай гэрчүүдийг оролцуулаагүй нь олон нийт уг сонсголыг эрх баригчдын сайтар найруулж тавьж буй жүжиг хэмээн хардахад хүрэв. Учир нь нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж, өдгөө хоригдож буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг оролцуулахгүй байгаа аж. Тэрбээр оролцох хүсэлтэй байсан ч оролцуулахгүй байгаа талаар өөрийн ах, эгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж, хүсэлтийг нь Хууль зүйн сайд, түр хорооны дарга Б.Энхбаярт уншиж танилцуулав. Гэтэл дээрх хүсэлтийг өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Мөн нүүрсний хулгайн хэрэгт оролцсон байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байгаа Х.Мандахбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын нэрс ч алга. Тавантолгойн бүлэг ордын 95 орчим хувийг “Эрдэнэс тавантолгой” дангаараа эзэмшдэг. 0.4 хувийг нь л орон нутгийн “Тавантолгой” эзэмшдэг. Тэгэхээр жижиг Тавантолгойн асуудал Эрдэнэс тавантолгойн хажууд бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. Иймд тус компанид гарсан дөрвөн төрлийн том хулгайг уншигч та бүхэнд сонирхуулъя.
НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ГОЛ ЗАНГИЛАА БУЮУ ОФФТЕЙК ГЭРЭЭ
Энэхүү гэрээнүүдийг тухайн үеийн ҮАБЗ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын үед нууцад хамруулж байжээ.
Харин одоогийн Засгийн газраас гэрээнүүдийг нууцын зэрэглэлээс гарахад гэрээ байгуулсан компаниудын олонх нь өөрсдөдөө давуу байдал бий болгож, Монголын нүүрсийг зах зээлийн үнээс доогуур буюу бараг үнэгүй шахам зардаг, авсан компаниуд нь өндөр үнээр зарж дундаас нь ашиг унагадаг байдал ил болсон. Хамгийн ноцтой нь тухайн үед оффтейкийн есөн гэрээг нууцлалын зэрэглэлд оруулсан ч ард иргэдийн шаардлагаар ердөө долоог нь л ил болгосон байдаг. Үүний ард асар том эрх ашгийн зөрчилдөөн явагдаж байхыг бид таамаглашгүй.
ГААЛИЙН МЭДҮҮЛЭГГҮЙГЭЭР ГАРСАН НҮҮРСНИЙ “ХУЛГАЙ”
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван “Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрсний экспорт гарсан байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн гэнэ. Хамар доогуур нь ийм их хэмжээний нүүрс хятадын талд очиж байхад манай гаалийнхан өөрсдөө мэдээгүй байна гэдэг боломжгүй. 2013 онд хоёр улсын Засгийн газар гаалийн мэдээгээ тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байв. Энэ тоо өссөөр байгаад л 6.5 сая тонн хүрсэн.
Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй, 515 мянган тонн нүүрс экспортолсон. Эд хэн гэдэг эрх мэдэлтэй даргын эзэмшлийн машинууд болохоороо гаалийн байгууллагынхан “нүдэн балай чихэн дүлий” өнгөрдгийн учир өнөөдрийг хүртэл тайлаагүй л байна.
НҮҮРС ТЭЭВРИЙН БИЗНЕС
Нүүрсийг онгоцны тарифаар зөөдөг. Онгоц нэг цаг нисэх тариф 100 ам.доллар гэсэн үг. Гэтэл манайд нэг тонн нүүрсийг 30 км замд 400 ам.доллараар тээвэрлэсэн. Тээвэр хийж буй хүмүүс нь дандаа эрх мэдэлтэй хүмүүс, УИХ-ын гишүүд. Нөгөө талд авч байгаа хүмүүс нь ч манай дарга нар.
ТӨМӨР ЗАМЫН ХУЛГАЙ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн эх үүсвэрээр хоёр төмөр зам тавьсан. Төрийн нууцад авсан төмөр замын бүтээн байгуулалтаас маш их хулгайлсан хэмээн Т.Доржханд гишүүн мэдэгдээд буй. Тэрбээр, Эрдэнэс тавантолгой ХК-ийн санхүүжилтээр зүүн тийшээ, урагшаа хоёр төмөр зам тавьсан. Урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилтийн эх үүсвэр нь зүүн тийшээ тавьсан санхүүжилтээсээ 3-4 дахин их байна. Цаашлаад Богдхан төмөр замыг найман сая доллараар тавина гэсэн мэдээлэл ирсэн. Үүнээс гадна төмөр замыг тухайн үед хувийн хэвшил өөрсдөө барих гэж байсныг Х.Баттулга бариулаагүйгээс болж өнөөдөр алдагдсан боломж хэдэн арван их наядаар хэмжигдэнэ” гэдгийг онцлоод буй.