Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа. Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд онцоллоо.
Ингэснээр манай улс НҮБ-ын гишүүн бүх улс буюу нийт 192 улстай дипломат харилцаа тогтоов. Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг 2013 онд дэвшүүлж байсан. Гадаад харилцааны яам дипломат харилцаагүй байсан НҮБ-ын гишүүн 29 улстай дипломат харилцаа тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж, холбогдох улс орнуудтай яриа хэлэлцээ тууштай явуулсны дүнд дээрх дэвшүүлсэн зорилт 2023 онд бүрэн хэрэгжжээ.