Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Зам, тээврийн яаманд зочилж, дэд сайд Ли Яантай уулзлаа.
Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан ирэх онд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын тэмдэглэлт олон тэгш ой тохиох гэж буйг уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр хэлэхдээ, манай хоёр улс хоорондын худалдааны эргэлт энэ оны төгсгөлд 15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ба үүнийг нэмэгдүүлэхэд хоёр талын авто болон төмөр замын тээвэр, дэд бүтцийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа цахим худалдааны платформын дэд бүтцийг хөгжүүлэх явдал чухал юм. Монгол Улс, БНХАУ хооронд 1955 онд байгуулсан төмөр замын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, агаарын тээврийн шинэ гарц байгуулах, мөн зүүн бүсийн төмөр замын босоо тэнхлэгийг барих тухай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдаж байсан ба эдгээр асуудлуудыг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүсье гэлээ.
БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд дэд сайд Ли Яан хүндэт төлөөлөгчдийг тус яаманд зочилж байгаад талархал илэрхийлээд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаанд манай хоёр улс хоорондын зам, тээврийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй ажил, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулж, төмөр зам болон агаарын тээврийн асуудлыг харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Талууд автотээвэр болон төмөр замын транзит тээврийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар ярилцахын сацуу хамтдаа хөгжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг хангах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам дэргэдээ Монголын соёл, мэдээллийн төв байгуулсан нь хилийн чанад дахь хамгийн анхны Монголын соёлын төв болсон аж. Уг төвийг 2022 оны 10 дугаар сард байгуулснаас хойш Монгол Улсыг сурталчилсан 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаад байгаа юм байна