Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбогдоогүй, бие даасан эх үүсвэртэй орон сууцын хотхон, хорооллууд, зуслангийн айлуудын усыг шинжлэхэд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар нийтлэг илэрчээ. Түүнчлэн нитрат, ионы агууламж стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан тохиолдол цөөнгүй гэнэ. Иймд тус агентлагаас нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг итгэмжлэгдсэн лабораториудад ундны усаа шинжлүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан мэдэгдлийг өчигдөр гаргалаа.
Төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагынхнаас уг асуудлыг анхааралдаа авч, бие даасан эх үүсвэртэй газруудыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжит нөхцөлийг судлан шийдвэрлэхийг хүслээ.
Иргэд ундны усаа шинжлүүлэхдээ 1.5 литрээс багагүй хэмжээний дээжийг зориулалтын саваар зөөвөрлөн лабораторид хүргэх шаардлагатай гэнэ. Ингэхдээ бохир гараар савны амсарт хүрэхгүй, элдэв зүйл оруулахгүй байхыг зөвлөв.
Бэлтгэсэн: Н.Ган