Манай улсад сард 100 гаруй хурал зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард улсын хэмжээнд хурал, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, чуулган, семинар гээд янз бүрийн тодотголтой, олон нийтийг цуглуулсан 103 арга хэмжээ болжээ. Эдгээр нь зөвхөн олон нийт, иргэдийг хамруулсан хурлын тоо гэдгийг санах хэрэгтэй. Харин ИХ, Засгийн газар болон төрийн бусад албаныхны дотоод үйл ажиллагааны, олон нийтэд төдийлөн нээлттэй бус, зөвхөн тухайн байгууллагынхан өөрсдөө оролцдог хурлыг энд оруулаагүй. Тийм атал маш өндөр тоо гарсан нь Монгол яах аргагүй “хурлын” орон гэдгийг илэрхийлэх биз ээ. Тэр дундаа арваннэгдүгээр сарын 10-нд хамгийн олон буюу есөн хурал зохион байгуулсан нь нэг өдрийн “дээд амжилт” байлаа. АНУ-ын Элчин сайд Жон Дингер “Монгол шиг ингэж их хурал, семинар хийдэг улсыг би хаана ч үзээгүй” гэж 2003 онд сонинд ярилцлага өгөхдөө дурдаж байж. Тэрхүү нөхцөл байдал 20 жилийн дараа ч өөрчлөгдсөнгүй, харин ч улам газар авах шинжтэйг тоон мэдээ, жишээгээр тайлбарлан хүргэе.
Өнгөрсөн сар 30 хоногтой байлаа. Үүнээс ердөө дөрвөн өдөр нь л хэлэлцүүлэг, зөвлөгөөн гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ болсонгүй. Тэдгээр нь амралтын өдөр таарч. Харин ажлын өдрүүдэд бол зайлшгүй ямар нэгэн хурал хаа нэгтээ болдог жишиг хэдийн тогтжээ. Дундажлан тооцвол бид өдөрт гурван хурлын “ард гарч” байна. Нэг сонирхолтой баримт дурдахад, монголчууд баасан гарагт хамгийн их хуралддаг юм байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 3, 10, 17, 24-ний баасан гарагт болсон нийт хурлын тоо 27. Тэгэхээр гурван хурал тутмын нэг нь баасан гарагт болдог гэсэн “онол”-ыг ч гаргаж болох нь. Улмаар зөвлөгөөн зохион байгуулах үйл ажиллагаа нь улам “төгсрөөд” амралтын өдрүүдэд ч хүмүүсийг зүгээр суулгадаггүй болсныг нотлох хэд хэдэн жишээ бий. Тухайлбал, өнгөрсөн сард амралтын найман өдрийн дөрөвт нь хурал болоогүй. Харин дөрөвт ямар нэгэн зөвлөгөөн, чуулган хийсэн байна. Зарим амралтын өдөр бүр гурван ч хурал зохион байгуулжээ.
Жишээ нь, Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болонгуутаа Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй 700 гаруй хүнийг өнгөрсөн сарын 12-ны ням гарагт цуглуулав. Хотын шинэхэн дарга яг яах гэж тийм олон хүнийг амралтын өдөр цуглуулсныг зарим оролцогч ойлгоогүй гэнэ лээ. Учир нь худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой шийдэл хэлэлцэх нь үү гэтэл хотын дарга түгжрэлийг хэрхэн шийдэхээр “мөрөөдөж” буйгаа ярьж оролцогчдыг залхаасан сурагтай. Нөгөө талд нь зарим худалдаа, үйлчилгээ эрхлэгч нийтийн асуудлыг хөндөх бус, зөвхөн өөртөө тулгарсан зүйлсээ ярьж цаг авсаар уг хурлыг өндөрлүүлсэн юм билээ. Тодорхой сэдэвгүй, шийдэлгүй, цаг дэмий үрсэн зүйлд амралтын өдрөө “алдсандаа” зарим оролцогч гомдолтой байв. Монголд болдог олон хурлын ихэнх нь ийм маягаар өнгөрдөг гэхэд буруудахгүй. Уг нь хуралддаг, хэлэлцдэгээрээ хөгждөг сөн бол Монгол Улсын дэлхийгээс хол тасрах байлаа.
Хэн ингэж их хуралддаг вэ. Зохион байгуулагч нь аль байгууллага вэ гээд харвал, хурал, чуулган, семинаруудын гол “толгойлогч” нь төрийн байгууллагууд л байна. Учир нь өнгөрсөн сард болсон бүх хуралд төрийн аль нэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Түүнчлэн зохион байгуулагч талаас нь харахад ч дийлэнх буюу 85 хувийг нь төрийн байгууллагууд санаачилсан аж. Ерөөсөө төрийн байгууллагуудад ажил хийхийг хуралдах гэж ойлгодог, тэдэнд өөр хийх зүйл олддоггүй юм байна гэж эндээс дүгнэж болно. Сонгуулийн өмнөх жил эрх баригчид нийгмийн аль нэг бүлэг, салбарынхныг хэдэн зуугаар нь нийслэлд авчирч, төсвийн мөнгөөр унаа, хоол, байрыг нь ханган хуралдуулж буйнь ажлаа сайн хийж байгаа хэрэг огт биш. Харин тухайн салбар, бүлгийнхнийг ойлгож буй мэт дүр үзүүлэнгээ “Бид та нарыг мартаагүй, ийм гоё ажил хийнэ, намаа бодоорой” гэсэн далд мессеж хүргэж буй гэлтэй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах үеэр “Зочдод зориулсан кофены зардал 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна” гэж “Боловсролын судалгаа, арга зүйн чадвар төв” ТББ-ын тэргүүн Ч.Чулуунцэцэг шүүмжилж байв. Зүгээр нэг хуралдаад өнгөрдөггүй, тэр хэрээр мөнгө “урсаж” байдгийн жишээ нь энэ. Гэхдээ энэ нь зөвхөн кофены зардал гэдгийг онцолъё. Үүнээс гадна оролцогчдын замын зардал, буудлын төлбөр, хоол хүнс, хурал зохион байгуулах танхимын түрээс, улмаар гарын бэлэг тараах гэх мэтийг тооцвол дээрх мөнгөхэд дахин үржигдэнэ. Цаашлаад сард зуун хурлыг ийм маягаар зохион байгуулдаг гээд тооцвол Монгол Улсын бүх хүүхдийг бүтэн жил хамгаалах зардал лав “салхинд хийсдэг” байх.
Хувийн хэвшил бол яавч ийм дэмий зүйлд мөнгө үрэхгүй. Судалгаа, тооцоо хийж, ямар нэгэн асуудалд шийдэл хайж, үнэхээр хэрэгцээ шаардлагатай бол хуралдана. Харамсалтай нь, төсвийн мөнгө “уйлдаггүй” юм болохоор төрийн байгууллага л хуралд баруун, солгойгүй хөрөнгө цацдаг. Тэгэхдээ бүр бусад аймаг, сумаас, гадаадаас хүртэл хүмүүс авчирч, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь “хулгайлдаг”. Жишээ нь, өнгөрсөн сард болсон хурлуудын ихэнх буюу 80 гаруй хувьд нь 100-гаас олон хүн цуглуулсан байгаа юм. Төрийн ордонд арваннэгдүгээр сарын 17-нд болсон уран хатгамалчдын анхдугаар чуулганд эхэд нийслэл, орон нутгаас 1000 гаруй хүн оролцжээ. Ийм олон хүн нэг газар луу явахаар замын түгжрэл ихсэхэд хүртэл нэрмээс болдог билээ.
Нөгөө талаас асар их хугацааг бид хурал нэрийн доор дэмий өнгөрөөж байна. Арваннэгдүгээр сард зохион байгуулсан арга хэмжээнүүдийн дотор эрдэм шинжилгээний хурал 17 бий. Судлаач, эрдэмтдийн тухайд хийсэн ажлаа тайлагнаж, үр дүнгээс нь хуваалцах эрхтэй тул эрдэм шинжилгээний хурлуудын талаар хөндөхөө больё. Харин үлдсэн 83 хурал нь дэмий шахам буюу төрийн байгууллагууд ажлаа тайлагнасан нэр зүүж, өөрсдийгөө сурталчилсан арга хэмжээ байв. Тэгэхдээ бүр нэг өдөр, нэг цаг хуралдаад дуусахгүй. Өдөр, хоног дамнуулан сунжруулсан нь ч бий. Тодруулбал, нэгээс олон өдөр үргэлжилсэн 12 хурал өнгөрсөн сард болжээ. Тэр дундаа “Тээврийн долоо хоног” нэртэй арга хэмжээ таван өдөр дамнан үргэлжилсэн нь дээд үзүүлэлт байлаа. Тэглээ гээд тээврийн салбарт ахиц дэвшил гараад, амжилт олсон зүйл одоогоор алга. Шадар сайд С.Амарсайханы санаачилсан гэх “Эрсдэл ба стандарт” форум гурав хоног үргэлжилсэн. Тэндээс гарсан зөвлөмж, ялангуяа эрсдэлээс сэргийлэх чиглэлээрх мэдээллийг олон нийт олж харсангүй.
Нэг өдөр болоод өнгөрсөн хурлууд ч өчнөөн цаг үргэлжилдэг. Дундажлан тооцвол нэг хуралд ойролцоогоор дөрвөн цаг зарцуулдаг юм билээ. Ингээд тооцвол монголчууд сард 120 цагийг хуралдаж өнгөрөөдөг. Энэ нь тав хоногтой тэнцэх дүн. Гэхдээ уг дүн нь хамгийн багаар тооцсон тоо. Учир нь өнгөрсөн сард гэхэд нэг зөвлөгөөн дээд тал нь 10 цаг үргэлжилсэн тохиолдол ч байна. Энэ нь ХНХЯ-наас зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөгөөн. Зохион байгуулагчид өөрсдөө “10 цаг үргэлжилсэн хурал маш амжилттай боллоо” гэсэн дүгнэлт гаргасан. Харин бодит байдалд хүүхэд хамгааллын тогтолцоонд юу ч өөрчлөгдөөгүй. Хүүхэд хамгааллын тухай хууль батлахаар хэлэлцэж эхэлсэн ч төсөл нь “түүхий” гэдгийг олон хүн шүүмжилсээр байгаа. Мөн хуралд хэнийг ч хамаагүй авчраад суулгачихдаг жишээ ч бий. “Гэр хорооллын сэргэлт-Сэлбэ дэд төв” гэсэн сүржин нэртэй, томоохон хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлийн холбогдох албаныхан хамтран зохион байгуулсан юм. Гэтэл тэнд зорилтот бүлгийнхэн нь буюу гэр хорооллын иргэд огт байгаагүйг нэгэн оролцогч хөндсөн. Эрх баригчдад хуралдсан нэр зүүж, сонгуулийн пиараа хийж, олон нийтэд танигдах нь л чухал, бусад нь хамаагүй гэсэн үг. Хамгийн гол нь хурал, зөвлөгөөн хийснээрээ олон хүн цуглуулан хооллож, “унтуулдгаас” өөр үр дүн гаргадаггүй. Эцэст нь бэлгэдлийн чанартай уриа лоозон л гаргадаг. Хэлэлцсэн гэх асуудал нь харин хэвээрээ үлддэгийг бид өчнөөн жил харлаа. Өдөр бүр л хэлэлцүүлэг, зөвлөгөөн болох авч ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл буурсангүй, харин ч улам ихсээд байна. Суурь асуудлуудаа шийдэж ч чадахгүй байгаад иргэд бухимдсаар буйг олон нийтийн сүлжээнээс харахад хангалттай.
Уг нь бид техник, технологийн эринд амьдарч буй. Хүн амын 90-ээс дээш хувь нь ухаалаг утастай гэсэн статистик бий. Гэтэл өмнө дурдсан 100 гаруй хурлын ердөө хоёр нь л цахим арга хэмжээ байв. Үнэхээр хуралдмаар байвал цахимаар зохион байгуулж, цаг, мөнгөө хэмнэх өчнөөн боломж бий. Тиймээс төрийн байгууллагынхан хэрэггүй хурлуудаа ядаж цахимаар явуулж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэмээр байна. Ялангуяа хамгийн түрүүнд эрх баригчид, сайд нар “Өглөөний уулзалт” гэх нэрээр олон хүн цуглуулдгаа зогсоогоосой.
Бэлтгэсэн: М.Оч