“Юргана индастри” компанийн “Ургана” брэндийн гарын шингэн саван, үс арчилгааны бүтээгдэхүүн, хужиртай аяга, таваг угаагч, бактерийн эсрэг шал угаагч, жамц давстай шүдний оо зэрэг нь байгаль орчинд ээлтэй, хүн, амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй, органик бүтээгдэхүүн аж. Үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангаж байгаа тул МҮХАҮТ-аас өчигдөр “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ. Тус компани нь 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй аж. Мөн зарим нэр, төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстанд нийлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд Европын зарим оронд худалдах гэнэ. Ташрамд дурдахад, органик бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэхэд нь орж буй орц, түүхий эдийг тарьж, ургуулах, боловсруулах явцад ямар нэг химийн гаралтай (пестицид) болон нийлэг бордоо, ионжуулах туяа, генетикийн өөрчлөлттэй организм ашиглаагүйг хэлдэг аж.
Бэлтгэсэн: Б.Сонор