Агаарын бохирдол ихтэй үед иргэд амны хаалт зүүх, утаатай орчинд аль болох удаан явахгүй байх, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэгт голчлон анхаардаг. Тэгвэл бохирдол ихтэй үед иргэд эдгээрээс өөрөөр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, ямар хоол хүнс, бүтээгдэхүүн, шим тэжээл хэрэглэх талаар НЭМҮТ-ийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр агаарын бохирдол болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, дархлаагаа дэмжихийн тулд аль болох олон төрлийн хоол, жимс, ногоо идэх, тэр дундаа шингэн зүйл уух нь чухал гэв.
Гэхдээ “Агаарын бохирдлоос хамгаалах, шинжлэх ухаанаар нотлогдсон хоол хүнсний судалгаа одоогоор байхгүй” хэмээв. Тэгвэл АШУҮИС-ийн Биохимийн тэнхимийн судлаач, багш нар агаарын бохирдлын ид үед антиоксидант ихээр агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөсөн юм. Үүнд чацаргана, гүзээлзгэнэ, аньс, хальстай самар, цай, кофе, шош, хүрэн манжин, цангис, нохойн хошуу, омега-3 зэргийг хамруулжээ. Мөн ургамлын гаралтай хоол биологийн олон нэгдлийг агуулдгийг онцолж, түлхүү хэрэглэхийг зөвлөсөн байна. Амьсгалын замын өвчнөөс сэргийлэхэд С, Е аминдэм агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь чухал аж. Тэдний дүгнэлтээр бохирдсон агаарын найрлага дахь хортой нэгдлүүд нь үрэвслийн үйл явцыг улам нэмэгдүүлж, чөлөөт радикалын үүсэлтийг ихэсгэх замаар бие махбодод сөргөөр нөлөөлдөг байна.