Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна.
“Тавантолгой” ХК-ийн захирал асан Р.СЭДДОРЖ:
Тавантолгойн орд газар 1966 оны морин жилд анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар нийт орд газрын 0.4 хувийг “Тавантолгой” ХК-д үлдээгээд, лицензийг нь гадаадын компани авсан. Одоогийн байдлаар Тавантолгойн бүлэг орд дээр “Эрдэнэс тавантолгой” ХК, “Энержи ресурс” , “Тавантолгой” ХК гэсэн гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. “Эрдэнэс тавантолгой” ХК нийт ордын 95,5 хувийг эзэмшдэг. “Энержи ресурс” компани 4,1 хувийг эзэмшдэг. Үлдсэн 0,4 хувь дээр нь орон нутгийн “Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг.
Тавантолгой компанийн 12.9 хувийг дэлхийн 10 гаруй орны 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшдэг. Ногдол ашиг сайн өгдөг учраас хувьцааг нь гадаадынхан сайн авдаг. Өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосны 286 тэрбумыг Өмнөговь аймагт өгсөн. Аймагт олгосон ногдол ашгаар автозам тавьж, сургууль цэцэрлэг барьсан. Өвөлжилт хүндэрхэд өвс тэжээлээс эхлээд бүхий л асуудлыг шийдвэрлэж ирсэн. 2022 онд маш сайн ажиллаж, 140 тэрбумыг аймагт төвлөрүүлжээ. Үүгээр бид сургууль, цэцэрлэгийн багш, төрийн албан хаагчдынхаа цалинг ч нэмэгдүүлж ирсэн.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хийж байгаа Д.Сугар дарга их юм мэддэг юм шиг ярьж ирсэн. Уул уурхайн мэдээлэл сайн биш хэрнээ дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөл зэргийг хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн. Ингэж болохгүй шүү дээ. Нэг жишээ хэлэхэд, уурхайн амны үнэ, Ганц мод боомт дахь 280 км-ын цаана байгаа үнэтэй хольж ярьдаг. Хоорондоо асар их ялгаатай, тээврийн үнэ, гаалийн татвар нь орсон, өөр өөр байршил дээр байдаг үнийг хольж ярьдаг. Дэлхийн зах зээлийн үнэ гэчихээд Тяньжины боомт дээр байдаг үнийг ярьдаг.
Ижилхэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компани, “Тавантолгой” ХК амьдрахын тулд өрсөлддөг. Ганц модны үнэ 70 ам.доллар байхад уурхайн ам дээр 25 ам.доллараар олон жил зарсан гэдэг.
0.4 хувийг ашигладаг Тавантолгой ХК 1966 оноос хойш ажилласан. Эргэн тойрон “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаар хүрээлэгдсэн, сумдынхаа уурын зуухыг халаахын тулд амьдрах хэрэгтэй байсан. Бүх худалдан авагч нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” руу явчихдаг. Үлдэж байгаа нүүрсээ худалдахын тулд “Тавантолгой” ХК үнэ ханшаа буулгахаас аргагүй байсан. Үүнийг Татварын ерөнхий газар, аудит мэдэж байгаа. Өмнөговь аймгийн 75 мянган иргэн эзэмшдэг, “Тавантолгой” ХК-ийг өдий өндөр үр ашигтай ажилуулж ирсэн нь хамт олны хөдөлмөр. “Тавантолгой” ХК-ийн бичиг баримтын тухайд Архивын ерөнхий газрын мэдэх асуудал. Хуулиараа компани дээр баримт тэдэн жил хадгалагдаад улсын архив руу явна гэсэн хуультай.